Jessi Монголд: Солонгосын хамгийн хүчтэй эмэгтэй артистуудын нэг Улаанбаатарын тайзнаа

Н.Эрхбаяр, iKon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Солонгосын рэп, хип хоп болон поп урсгалаар дэлхийн танигдсан эмэгтэй уран бүтээлчдийн нэг Jessi Монголд тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хэмжээний халуухан шоу болох SUPER CONCERT 2026-ийн тайзыг доргиох юм.

Америкт төрж өссөн тэрбээр 2005 онд Солонгост уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн бөгөөд “Unpretty Rapstar” хөгжмийн шоугоор олонд хүчтэй танигдаж байлаа. Үүний дараа түүний нэр хүнд Азийн орнуудаас давж, олон улсын хэмжээнд өсөж эхэлсэн байна.

Түүний “NUNU NANA”, “ZOOM”, “Cold Blooded”, “What Type of X” зэрэг дуунууд YouTube болон TikTok орчинд олон зуун сая хандалт авч, дэлхий даяар тренд болж байсан. Ялангуяа “ZOOM” дуу нь богино бичлэгийн платформуудад хамгийн их ашиглагдсан Солонгос дуунуудын нэг болж байв.

Jessi нь зөвхөн дуучин бус телевизийн нэвтрүүлэг, хөгжмийн шоунуудад оролцдогоороо ч алдартай. Түүний шулуун, нээлттэй зан чанар нь Солонгосын энтертайнмент ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон гэж үздэг.

Мөн тэрбээр өмнө нь PSY-ийн үүсгэн байгуулсан P NATION агентлагт ажиллаж байсан нь түүний карьерт томоохон нөлөө үзүүлсэн байдаг.

Фенүүдийнх нь хувьд Jessi-ийн тоглолтын хамгийн онцгой зүйл бол амьд үзүүлбэр. Түүний тайзны эрч хүч, үзэгчидтэйгээ харилцдаг байдал нь олон улсын хөгжмийн фестивалиудад өндөр үнэлгээ авч ирсэн юм.

Ийнхүү дэлхий даяар сая сая сонсогчтой уран бүтээлч Монголын үзэгчидтэй уулзах гэж буй нь энэ зуны хамгийн анхаарал татсан хөгжмийн үйл явдлуудын нэг болоод байна.

зураг