Уншиж байна ...

Өвлийн олимпын хотхонд тараасан бэлгэвч гуравхан хоногийн дараа дууссаныг Италийн хэвлэл мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Милано Кортина 2026 өвлийн олимпын наадмын тамирчдад тараасан үнэ төлбөргүй бэлгэвч гурав хоногийн дотор дуусаж, дээд амжилт тогтоосныг Италийн La Stampa сонин мэдээлжээ.

“Нөөц гуравхан хоногийн дотор дууссан. Зохион байгуулагчид бидэнд дахин нийлүүлнэ гэж амласан ч хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа” гэж нэрээ нууцалсан тамирчин тус сонинд ярьсан байна.

Тэр бас бэлгэвчний нөөцийг хангалттай бүрдүүлээгүй зохион байгуулагчдыг шүүмжилжээ.

“Парисын олимпын үеэр 300,000 бэлгэвч буюу өдөрт хоёр удаа хэрэглэх хэмжээгээр тарааж байсан. Гэтэл өвлийн олимпын наадмынх мэдэгдэхүйц бага, 10,000 ч хүрэхгүй байх” гэж тэр ярьсан байна.

Хоёр жилийн өмнө болсон Парисын зуны олимпын наадамд 10,500 орчим тамирчин оролцож байсан бол өнөөдрийн өвлийн наадамд 3,000 хүрэхгүй тамирчин оролцож байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Италийн Ломбарди мужийн захирагч Аттилио Фонтана тамирчдад бэлгэвч тараах нь ичиж зовох зүйл биш болохыг тайлбарлаж байв.

“Тийм ээ, бид олимпын хотхонд үнэ төлбөргүй бэлгэвч тараадаг. Хэрвээ энэ нь зарим хүмүүст хачин санагдаж байвал олимпын тогтсон уламжлалыг мэддэггүй юм байна. Энэ нь 1988 оны Сөүлийн олимпоос эхлэлтэй тамирчид, залуучуудын дунд бэлгийн замын өвчнөөс урьдчилсан сэргийлэх талаар мэдлэг олгох зорилготой бий болсон арга хэмжээ юм. Тиймээс ичиж зовоод байх зүйл байхгүй” гэж сошиал хуудсандаа бичиж байжээ.

Ингэхдээ тэр Испанийн уран гулгалтын тамирчин Оливиа Смартын дагагчдадаа шар өнгийн ууттай, Ломбарди мужийн логотой бэлгэвч үзүүлж буй зургийг хавсаргасан байна.

зураг
 

Смарт сошиал хуудсандаа уг бэлгэвчийг үзүүлээд “Би үүнийг оллоо. Энд бидэнд хэрэгтэй бүх зүйл байна” хэмээн ярьсан нь маш олон хүнд хүрсэн юм.

Олимпын тосгонд тамирчдыг уйдаахгүй байлгах олон зүйл байдаг. Тухайлбал дасгалын том танхим, ширээний хөл бөмбөг, хоккей, бүр төгөлдөр хуур хүртэл байдаг юм байна.

Бас Кока-Кола, Инносент брэндийн смүүтигээр дүүргэсэн үнэ төлбөргүй ундааны машинууд байрладаг гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian