Уншиж байна ...

АНУ, Армени улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

Т.Давааням, ikon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ, Армени улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Ереван хотод байгуулжээ.

Тус улсад хоёр өдрийн айлчлалаар очсон АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян нар олон тэрбум долларын дүнтэй уг гэрээнд гарын үсэг зурсан байна.

“123 Agreement” нэртэй уг гэрээний дагуу өмнө нь ОХУ-ын оролцоо давамгайлдаг байсан Армени улсын эрчим хүчний салбарт АНУ нэвтрэхээр болжээ. Арменийн цорын ганц цөмийн цахилгаан станцыг Орос улс байгуулж өгч байсан юм.

АНУ-ын цөмийн технологи, тоног төхөөрөмжийг бусад улс орнуудад хууль ёсоор нийлүүлэх боломж олгодог уг гэрээ нь Армени улсад анх удаа $5 тэрбум хүртэл дүнтэй бүтээгдэхүүн экспортлох, бас $4 тэрбумын дүнтэй түлш, засвар үйлчилгээг урт хугацаанд нийлүүлэх нөхцөл бүрдүүлж байгааг Вэнс онцолжээ.

Бас энэ гэрээ нь бага оврын модульчлагдсан цөмийн реакторууд нийлүүлэх асуудалтай холбоотойг дэд ерөнхийлөгч баталсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нараас албан үүргээ гүйцэтгэж байхдаа Армени улсад айлчилсан анхны хүн Жэй Ди Вэнс болж байгаа юм.

Орос болон Иранаас эрчим хүчний хувьд хараат байдаг Армени улс шинэ цөмийн цахилгаан станц байгуулах төсөлдөө АНУ, ОХУ, Хятад, Франц, Өмнөд Солонгосын компаниудаас санал авсан байна.

Шинэ станцаар Мецамор дахь Оросын байгуулж өгсөн хуучин станцыг солих юм.

Гэрээ байгуулагдсанаар тус улс АНУ-ын цөмийн технологийг сонгох боломж нээгдэж байна.

Энэ нь Өвөр Кавказыг өөрийн нөлөөний бүс гэж үздэг Орос улсад том цохилт болж байгаа юм.

Өмнө нь ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин тус улс Арменийн хувьд хамгийн тохиромжтой саналыг тавьсан, Росатом компани уг төслийг маш богино хугацаанд хэрэгжүүлэх чадвартайг Известия сонинд ярьж байв.

“Найдвартай, батлагдсан технологи, санхүүгийн сонирхол татахуйц байдлаараа үүнээс өөр бодитой хувилбар байхгүй” гэж тэр хэлж байжээ.

Вэнс энэ айлчлалаараа бас TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) гэж нэрлэгдэж буй 43 км урт коридорын төслийг урагшлуулах зорилготой байна.

Арменийн өмнөд нутгийг хөндлөн гулд дайрсан уг хуурай газрын коридор нь хөрш Азербайжан улсыг үндсэн газар нутгаас нь таслагдсан Нахичевантай, цаашлаад Турк улстай холбох юм.

Ийм коридор байгуулах гэрээг наймдугаар сард Армени, Азербайжаны удирдагчид Вашингтонд байгуулж байв.

Энэ нь Орос, Ираны нутаг дэвсгэрийг дайралгүйгээр Ази, Европыг холбох хуурай газрын шинэ зам болох юм.

Зөвхөн авто зам төдийгүй төмөр зам, газрын тос, байгалийн хийн дамжуулах хоолой, харилцаа холбооны шилэн кабел үүгээр дамжих төлөвлөгөөтэй байна.

“Бид Арменид зөвхөн энх тайвныг авчраад зогсохгүй, Армени, Америкийн Нэгдсэн Улсын хамтын хөгжил цэцэглэлтийг үүсгэх болно” гэж Вэнс гэрээнд гарын үсэг зурах үеэр хэлжээ.

Тэрбээр өнөөдөр, маргааш хоёр Азербайжанд айлчлах юм.t

 

Эх сурвалж: Reuters