Уншиж байна ...

Илон Маск болон Ryanair компанийн боссын хоорондын хэрүүл маргаан хурцдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн долоо хоногийн турш тэрбумтан Илон Маск, агаарын тээврийн Ryanair компанийн босс Майкл О’Лири нарын хооронд ширүүн хэрүүл маргаан өрнөж байна.

Илон Маск бол $769 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн, харин Майкл О’Лири нь Европын хамгийн их ачаалалтай агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал юм.

Ирландад төвтэй Ryanair компани зорчигчдодоо нислэгийн үеэр утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэхдээ Старлинк технологийг ашиглахаас татгалзсан нь тэдний зөрчлийн шалтгаан болжээ.

Эхлээд Маск сошиал хуудсандаа Старлинкээс татгалзсаных нь төлөө О’Лирийг ажлаас нь халах ёстой хэмээн шүүмжилж, Ryanair компанийг худалдаж авах санаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн юм.

Ryanair компанийн ихэнх хувийг Европын Холбооны орнууд, Швейцар, Норвеги, Исланд, Лихтенштэйний хөрөнгө оруулагчид эзэмшдэг.

зураг
 

Маскийн дайралтуудын хариуд Ryanair өчигдөр сошиал хуудсандаа “Маск завсарлага авах хэрэгтэй байж магадгүй. Ryanair нь Илон болон X дээр байдаг бусад тэнэгүүдэд зориулсан Аугаа Тэнэгүүд нэртэй ангиллын суудлыг борлуулж эхэллээ” гэж бичжээ.

Мөн ойрын үед Дублин хотод зохион байгуулах хэвлэлийн хурлын үеэр Маскийн доромжлолд О’Лири “хариу” өгөх талаар мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Германы Lufthansa компани зорчигчдодоо утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Старлинк технологийг онгоцнууддаа суулгах болсныг зарласан юм.

Үүний дараа Ирландын Newstalk радиогоор О’Лири ярихдаа ганцхан цагийн богино нислэгт зорчигчид мөнгө төлж Wi-Fi хэрэглэх шаардлага байхгүй, Старлинк суурилуулбал онгоцны ачаалал нэмэгдэж, шатахууны зарцуулалт өснө гэх зэргээр шүүмжилжээ.

Тэр бас Илон Маскийг нислэгийн аеродинамикийн талаар “тэг” мэдлэгтэй хүн гэж дүгнэсэн байна.

“Бид онгоцныхоо дээд талд антен байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь бидэнд жил тутам $200-$250 саяын зардал нэмнэ. Өөрөөр хэлбэл зорчигч бүр тасалбар дээрээ нэмж мөнгө төлдөг болно. Бид ийм зардал төлж чадахгүй. Зорчигчид ч үүнд мөнгө төлөхгүй” гэж О’Лири ярьжээ.

Хиймэл дагуулын интернэт холболтын Старлинк технологийг одоо Qatar Airways, United Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд ашиглаж эхлээд байгаа.

Маск, О’Лири нарын хэн хэн нь бусдыг өдөөн хатгасан мэдэгдлүүдээрээ олны анхаарлыг татдаг цуутай бизнесмэнүүд юм.

 

Эх сурвалж: BBC