Уншиж байна ...

Ерөнхий сайд Хөвсгөл аймагт үерийн далан, 3 сумыг холбосон авто зам болон Найрамдал-2 зуслан байгуулах ажлуудыг ирэх онд эхлүүлнэ гэв

А.Төгөлдөр, iKon.mn
Өчигдөр 13 цаг 09 минут
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр /2026.01.05/ тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон Засгийн газрын 300 хоногийн ажлын төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулсан байна.

Энэ үеэр Мөрөн суманд 15.4 км урттай үерийн хамгаалалтын далан барихад шаардлагатай санхүүжилтийг ирэх 2027 оны төсөвт тусгуулахаар болсныг хэлсэн байна. Тус суманд 2010-2024 оны хооронд нийт найман удаа томоохон үер бууж, 400-900 сая төгрөгийн хохирол амсжээ. 

Мөн Хөвсгөл нуурыг түшиглэж Найрамдал-2 зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацаад байсныг ирэх онд эхлүүлэхээр болсон талаар танилцуулсан байна. 

Ерөнхий сайд мөн өдрийнхөө үдээс хойш Шинэ-Идэр суманд ажиллажээ. 

Тус сумын иргэдтэй уулзах үеэр Архангай, Завхан аймгийн хилийн зааг Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав.

Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай. Аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг гурван аймгийн нэг. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр онцоллоо. Өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улиралд буюу 6-10 дугаар сард гадаад, дотоодын нийт 157,562 жуулчин Хөвсгөл аймгийг зорин иржээ.

Тус аймгийг зорьж буй 60 орчим хувь нь Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлийн авто замаар зорчиж, аялж зугаалдаг болохыг судалгаа баталж буй. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөсөн байна. 

Г.Занданшатар "Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал - Жанхай - Тойлогт, Хатгал - Хүзүүвчийн шил, Булган - Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө" гэсэн байна. 

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ.

Хоёр аймгийн гурван сум буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж, 35квт болгож, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүсэв.

Ерөнхий сайд "Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье" гэж хэлэв.