Афганистанд 13 настай хүү гэр бүлийнхнийх нь амийг хөнөөсөн алуурчныг нийтийн өмнө цаазалсан аймшигт үйл явдал саяхан болсныг гэрчүүд мэдээлжээ.
Талибаны дээд шүүх есөн хүүхэд, тэдний ээжийг оролцуулаад нэг гэр бүлийн нийт 13 хүний амийг хөнөөсөн эрэгтэйг ийм аргаар цаазлах шийдвэр гаргасан юм байна.
Мягмар гарагт хохирогчдын төрөл төрөгсдийг оролцуулан 80,000 орчим хүн Афганистаны зүүн бүсийн Хост хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан цаазаар авах ажиллагааг үзжээ.
Энэ нь 2021 онд АНУ болон НАТО-гийн цэрэг Афганистанаас гарснаас хойш гаргасан 11 дэх ийм шийдвэр болохыг Талибаны дээд шүүх мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр эхлээд Талибаны албаны хүмүүс 13 настай хүүгээс алуурчныг өршөөх хүсэлтэй эсэхийг нь асуужээ.
Өршөөхөөс татгалзсан хүүд тэд галт зэвсэг өгч алуурчныг гурван удаа буудуулсан байна. Энэ үеэр ажиглагчид “Аллах Акбар” хэмээн хашхиралдаж байжээ.
Мягмар гарагийн өглөө Афганистаны асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Ричард Беннет цаазын ял гүйцэтгэл гарцаагүй болсныг сошиал хуудсаараа мэдээлээд үүнийг зогсоохыг Талибаны эрх баригчдад уриалж байв.
“Нийтийн өмнө цаазын ял гүйцэтгэх нь хүмүүнлэг бус, харгис, ёс бус шийтгэл бөгөөд олон улсын хууль дүрмийг зөрчиж байна” гэж тэр бичжээ.
Талибаны дэглэм Афганистанд тогтсоноос хойш шариатын хууль хэрэгжиж, эмэгтэйчүүд охидод дунд болон дээд боловсрол эзэмшихийг хориглох, ихэнх төрлийн ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох зэрэг харгис бурангуй арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүх дэмжиж, Афганистаны дээд удирдагч Хибатулла Ахундзада баталснаар цаазын ялыг гүйцэтгэснийг Талибаны эрх баригчид мэдээлжээ.
Хүн амины хэрэгт буруутгагдсан Мангал Талах Хан гэгч эрэгтэй хохирогчийн төрөл төрөгсдийн төлөөлөлд буудуулж алагдсаныг Хост хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мустагфир Горбаз мэдээлсэн байна.
1990-ээд оны үед Талибанчууд засгийн эрхийг барьж байхдаа мөн олон нийтийн өмнө цаазлах, ташуурдах, чулуугаар цохиж алах зэрэг ял шийтгэлийг тогтмол хэрэгжүүлдэг байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!