Өчигдөр буюу Лхагва гарагт прокурорууд Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хид хувьцааны хууль бус арилжаа, хээл хахуулийн хэрэгт нь нийт 15 жилийн хорих ял, хоёр тэрбум воны ($1.36 сая) торгууль ногдуулах хүсэлтийг шүүхэд танилцуулжээ.
Түүнийг яллагдагчаар татсанаас хойш гурван сарын дараа, экс ерөнхийлөгч Юн Сүк Ёл улс орондоо цэргийн дэглэм зарласнаас хойш яг нэг жилийн дараа уг шийдвэр гарч байна.
Юн Сүк Ёлын бүрэн эрхийн хугацаанд улс төрийн дуулианы гол эзэн түүний гэргий Ким Кон Хи байсан юм.
Энэ оны долдугаар сард прокурорын тусгай баг тэргүүн хатагтай асныг нийт 16 хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд дараа сард нь баримт нотолгоо устгаж болзошгүй үндэслэлээр баривчлан хорьж байв.
Түүнд тулгасан хэргүүдээс хамгийн ноцтой нь хувьцааны хууль бус арилжаа байсан юм.
2009-өөс 2012 оны хооронд хэсэг бүлэг хүмүүс BMW компанийн Өмнөд Солонгос дахь борлуулагч Deutsch Motors компанийн хувьцааны ханшид нөлөөлөх зорилгоор 91 нэр дээр бүртгэлтэй 157 дансаар дамжуулан хууль бус арилжаа явуулсан нь тогтоогджээ. Эдгээр хүмүүст шүүх ял оноосныг дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын дээд шүүх хэвээр үлдээж байв.
Уг хуйвалдаанд тэргүүн хатагтай асан оролцсон нь мөрдлөгийн явцад тогтоогдсон юм.
Ким Кон Хи бас 2021-2022 оны хооронд нөхөртэйгөө хуйвалдан улс төр судлаач Мюн Тэ Кюнээс 270 сая воны ($183,000) үнэ бүхий 58 ширхэг санал асуулгын үр дүнг мөнгө төлөлгүй авсан нь Улс Төрийн Санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.
Мөн тэргүүн хатагтай асан 2022 онд Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын төслийг дэмжсэний хариуд зуучлагчаар дамжуулан тансаг брэндийн гар цүнх, үнэт чулуун эдлэл зэрэг бэлгийг авсан нь хээл хахуульд тооцогдсон байна.
“Үндсэн хуулийн дагуу хэн ч хуулийн дээр, хуулиас гадуур оршин тогтнох боломжгүй. Гэсэн хэдий ч шүүгдэгч нь ганцаараа хуулиас дээгүүр хүн мэт аашилсан. Бусад бүх хамсаатнууд шүүхийн өмнө зогсож байхад шүүгдэгч ганцаараа хариуцлага хүлээхээс зайлсхийсэн нь манай улсын шүүхийн тогтолцоог хүчгүйдүүлсэн хэрэг байлаа” гэж прокурорын баг яллах дүгнэлтдээ бичжээ.
Тэргүүн хатагтай асан Ким Кон Хигийн анхан шатны шүүх хурлын шийдвэр нэгдүгээр сарын 28-нд гарах товтой байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!