Уншиж байна ...

Москвад болсон АНУ, ОХУ-ын энхийн яриа хэлэлцээ үр дүнд хүрэлгүй өндөрлөв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Москвад болсон АНУ, ОХУ-ын энхийн яриа хэлэлцээ үр дүнд хүрэлгүй өндөрлөснийг Кремлийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайныг дуусгах төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Таван цаг үргэлжилсэн уулзалтын дараа Путиний ахлах зөвлөх Юрий Ушаков “Украины хямралыг шийдвэрлэх асуудалд ахиц дэвшил гарсангүй. Хийх ажил их байна” гэж Оросын хэвлэлд ярьжээ.

Уулзалтыг “маш их ашигтай, бүтээлч, мэдээлэл сайтай” болсон гэж дүгнэсэн Ушаков нутаг дэвсгэрийн хяналтыг Орос, Украины хооронд ямар шугамаар тогтоох зэрэг гол асуудлууд дээр тохиролцоонд хүрч чадаагүйг хэлсэн байна.

“Бид зарим зүйлтэй санал нэгдэж болохоор байна. Гэхдээ ерөнхийлөгч хэд хэдэн саналд шүүмжлэлтэй, бүр сөрөг байр суурьтай байгаагаа нуугаагүй” гэж тэр ярьжээ.

Ушаков бас Трамп, Путин нарын хооронд ойрын үед уулзалт төлөвлөгдөөгүйг энэ үеэр мэдээлсэн байна.

Уулзалтын өмнө Путин үг хэлэхдээ дайныг дуусгах АНУ-ын хүчин чармайлтад Европын орнууд саад учруулж байгааг хатуу шүүмжилсэн юм.

“АНУ-ын засаг захиргаа Украинд энх тайван тогтооход Европ саад учруулж байна. Орос улс Европтой дайтах бодолгүй байгаа ч хэрвээ Европ эхэлбэл бид бэлэн байна” гэж тэр хэлжээ.

Тэрбээр Европын зүгээс тавьж буй шаардлагыг Орос хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлэхдээ яг ямар шаардлагын тухай ярьж байгаагаа дэлгэрүүлээгүй байна.

“Тэд дайны талд байна” гэж Европын гүрнүүдийн байр суурийн талаар Путин хэлжээ.

зураг
 
Нүүрний эгнээнд зүүн гар талаас Жаред Кушнер, Стив Виткофф нар

Өнгөрсөн сарын сүүлээр Трампын засаг захиргаа өөрийн боловсруулсан 28 зүйлт энхийн төлөвлөгөөгөө анх дайтагч талуудад танилцуулсан юм.

Дараа нь уг төлөвлөгөөнд Украины ашиг сонирхлыг тусган шинэчилсэн.

Москвад хийсэн Виткоффын энэ оны зургаа дахь айлчлалын  зорилго нь шинэчилсэн төлөвлөгөөг Путинд танилцуулах байв.

Уулзалтын дараа АНУ-ын талаас ирэх мэдээллийг хүлээж байгаагаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр сошиал хуудсаараа мэдэгджээ.

АНУ-ын хэд хэдэн хэвлэл Виткофф, Кушнер нартай Зеленский энэ уулзалтын дараа Европт уулзаж магадгүйг мэдээлсэн байна.

Трамп өчигдөр засгийн газрын танхимынхаа хурлын үеэр Украины дайныг шийдвэрлэхэд амаргүй байгааг мэдэгджээ.

Путиний өчигдөр хэлсэн үг Вашингтон болон түүний Европын холбоотнуудын хооронд “зай завсар” үүсгэх зорилготой нь тодорхой байна.

Уулзалтын өмнөх өдөр Оросын армийн командлалын төвд зочлох үеэрээ Путин стратегийн чухал ач холбогдолтой Украины хот Покровскийг бүрэн эзэлснээ мэдэгдсэн ч сүүлд Киевийн эрх баригчид үүнийг няцааж байлаа.

Донецк мужийг бүрэн хяналтдаа оруулах үүд хаалга гэж үздэг энэ хотыг эзлэхийн тулд Оросын арми сүүлийн хэдэн сарын турш ихээхэн хохиролтой байлдааны ажиллагаа явуулж байгаа.

Украины болон гадаадын цэргийн шинжээчид Оросын арми одоо Покровскийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон байгааг хүлээн зөвшөөрдөг.

Даваа гарагийн орой цэргийн хувцастай Путин командлалын төвд зочилсон нь дипломат яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол дайныг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа харуулсан хэрэг бололтой.

 

Эх сурвалж: Reuters