Уншиж байна ...

Оросын хяналтад байгаа газар нутгаас Украин цэргээ татсан тохиолдолд зөвхөн дайныг зогсоохоо Путин мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр үг хэлэхдээ Оросын цэргийн хяналтад байгаа газар нутгаас Украин цэргээ татсан тохиолдолд зөвхөн дайныг зогсоох боломжтойг мэдэгджээ.

Эс тэгвээс хүчээр булааж авах гэнэ.

Оросын арми одоо Украины дорнод фронт дээр хүн хүчний ихээхэн хохиролтой тулаан явуулсны үр дүнд аажмаар урагшилж байгаа.

Трампын засаг захиргаа бараг дөрвөн жил үргэлжилж буй уг дайныг зогсоохыг хичээж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

“Хэрвээ Украины зэвсэгт хүчин хянаж байгаа нутаг дэвсгэрээсээ гарвал бид байлдааны ажиллагаагаа зогсооно. Хэрвээ тэд гарахгүй бол бид үүнийг цэрэг зэвсгийн арга хэрэгслээр биелүүлэх болно” гэж Киргизстанд айлчилж буй Путин хэлжээ.

Оросын арми одоо Украины газар нутгийн 20 орчим хувийг хянаж байгаа ч Киевийн эрх баригчид нутаг дэвсгэрээ алдах замаар дайныг зогсоох нөхцөлийг эрс эсэргүүцэж байгаа.

Дайныг зогсоох хүчин чармайлтад саад болж буй гол асуудал энэ болоод байна.

Путин өчигдөр хэлэхдээ Оросын арми Донецк мужийн Покровск, Мирноград хотуудыг бүсэлсэн байгааг дахин баталжээ.

“Красноармейск, Димитров хотууд бүрэн бүслэгдсэн” гэж тэр мэдэгдэхдээ дээрх хотуудыг өөрийн нэршлээр дурдсан байна.

Оросын цэрэг мөн Вовчанск, Сиверск хотуудын чиглэлд давшиж, зам тээврийн чухал төв Гуляйполед ойртож байгааг Путин бас хэлжээ.

Тэрбээр Оросын давшилтыг “тогтоон барих боломж бараг байхгүй” гэж энэ үеэр анхааруулсан байна.

Украины эрх баригчид Покровск, Мирноград хотууд бүслэгдсэнийг үгүйсгэж, Оросын цэргийн хүчийг фронтын шугамын дагуу тогтоон барьж байгаагаа баталдаг юм.

Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт халдсанаар дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том зэвсэгт мөргөлдөөнийг Европ тивд дэгдээгээд байгаа.

Үүний улмаас хэдэн зуун мянган хүний амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээсээ дүрвээд байгаа билээ.

 

Эх сурвалж: AFP