Африк тивийн Этиоп улсын зүүн хойд нутагт оршдог галт уул сүүлийн 12,000 орчим жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрсний улмаас өтгөн утаа 14 км-ийн өндөрт хүрч, Улаан тэнгисийг гатлан Йемен, Оман улсуудын зүгт шилжжээ.
Нийслэл Аддис-Абаба хотоос зүүн хойд зүгт 800 гаруй километрийн зайд, Эритрей улсын хилийн ойролцоо оршдог Хайли Губби нэртэй галт уул Ням гарагт анх дэлбэрсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрстээгүй ч орон нутгийн ард иргэдийн мал аж ахуйд хохирол учруулж болзошгүйг албаны эх сурвалж мэдээлжээ.
“Хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл одоогоор ирээгүй байгаа ч олон тосгон үнс нурманд дарагдсан тул малын идэш тэжээл хомсдох эрсдэлтэй байна” гэж орон нутгийн захиргааны албан хаагч Мохаммед Сэйд ярьсан байна.
Далайн түвшнээс 500 метрийн өндөрт өргөгдсөн уг галт уул нь Рифтийн хөндий гэгддэг хоёр тектоник хавтангийн уулзвар дээр байрладаг тул геологийн хувьд өндөр идэвхтэйд тооцогддог.
Дэлбэрэлтээс үүссэн утаа зүүн зүгт шилжиж, Йемен, Оманд хүрсэн бөгөөд цаашлаад Энэтхэг, Пакистаны хойд хэсэгт хүрэх төлөвтэйг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Смитсоны Хүрээлэнгийн Дэлхийн Галт Уулсын Хөтөлбөрийн мэдээлснээр Хайли Губби уул хамгийн сүүлд 12,000 орчим жилийн өмнө буюу сүүлийн мөстлөгийн төгсгөлд дэлбэрсэн юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!