Энэ онд багтаан дахин 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна. Гэвч ашиглалтад оруулсан эдгээр сургууль, цэцэрлэгийн зарим нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Боловсролын салбарт энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Үүнээс өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байгаа юм байна.
Гэвч зарим цэцэрлэгийн үйл ажиллагаа огт эхлээгүй, зарим сургуулиуд 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа аж.
Энэ талаар тэрбээр "Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг дуусгаж, энэ сарын 17-нд ашиглалтад оруулаад байна. Энэ цэцэрлэгийн барилгын ажил 2020 онд эхэлсэн байдаг. Энэ мэт олон ажил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 2018 оноос хойш гацсан байсан. Уг ажлыг 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлж, нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаад байна.
62 дугаар сургуулийн өргөтгөл нь нийт 25 ангитай. Гэтэл Боловсролын яамнаас өнөөдрийн байдлаар 12 ангийг нь тохижуулсан байна. 13 анги нь сандал ширээгүй байгаа. Яг ийм нөхцөл байдалтай 12 сургууль байгаа бол 8 цэцэрлэгийн зөөлөн, хатуу эдлэлийг салбар яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс болж бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байдалтай байна.
Мөн 2026 оны улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 10 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан. Харин нийслэлийн төсвийн төсөлд дахин 11 сургууль, цэцэрлэг барих төсвийг суулгахаар төлөвлөж байна. Түүнчлэн 33 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа” гэв.
2026-2027 онд 84 сургууль, цэцэрлэгийг нэмж ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ангийн хэт дүүргэлт зэрэг асуудал шийдэгдэнэ гэв. Үүнээс 22 сургууль, цэцэрлэгийг 2026 оны төсөвт оруулаад байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!