Украинаас Оросын тусламжтай салан тусгаарлаж, өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын эрх баригчид “дайны аялал жуулчлал”-ын хөтөлбөр эхлүүлэхээр болсноо зарлажээ.
Тус улсын шадар сайд Кирилл Макаров 2014 оноос эхэлж, 2022 онд Оросын эзлэн түрэмгийллээр үргэлжилж буй дайны “суу алдартай тулаан болсон газрууд”-ыг үзэх тойрон аяллын хөтөлбөрийг гадаад, дотоодын жуулчдад танилцуулахаар бэлдэж байгаагаа РИА Новости агентлагт ярьсан байна.
Үүний хажуугаар жуулчдад зэвсэгт мөргөлдөөн эхлэх болсон үндэслэлийг ухуулан таниулж, дайны түүхийг харуулсан музей үзүүлэх гэнэ.
Үндэсний “Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээ” төслийн хүрээнд 2026 онд ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг Макаров мэдээлжээ.
Гэхдээ тэр дайны улмаас зочид буудал, орон байрны дэд бүтэц ихээр эвдэрч сүйрснийг хүлээн зөвшөөрсөн байна.
“Бид одоо энэ нөхцөл байдлыг маш нухацтай судалж байгаа. Хамгийн түрүүнд юуг сэргээн босгох шаардлагатайг тодорхойлж эхлээд байна” гэж Макаров хэлжээ.
Түүний өгүүлснээр 2026 онд Донецкийн бүгд найрамдах улсын аялал жуулчлалын салбар нэг тэрбум рублийн хөрөнгө оруулалт татах гэнэ. Гэхдээ тэр энэ хөрөнгө оруулалт хаанаас санхүүжих талаар дурдаагүй байна.
Одоогоор Оросын цэрэг Донецк мужийн 80 орчим хувийг хяналтдаа аваад байгаа. Мужийн зарим хэсэгт тулаан үргэлжилж, олон хот тосгод балгас болж, бензин шатахуун, усан хангамжийн ноцтой хомсдол үүсээд байна.
Тавдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ бүс нутгийг “аялал жуулчлал хөгжихөд тааламжтай хөрс шороотой” гэж тодорхойлоод бизнесийн салбарынханд хөрөнгө оруулахыг уриалж байв.
“Тэнд хөнгөлөлттэй ипотекийн зээл нэвтрүүлэх гэх мэт олон сонирхолтой боломж бий. Хийх ажил их байна. Нөхцөл байдал үнэхээр сонирхол татам” гэж тэр “Деловая Россия” зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа хэлж байжээ.
Дараа нь зургаадугаар сард Путин 2030 он гэхэд Украинаас салан тусгаарласан Луганск, Донецк мужуудад “амьдралын чанарын бүх гол үзүүлэлтүүдийг Оросын дундаж түвшинд хүргэх” зорилтыг зарласан юм.
Эх сурвалж: РИА Новости
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!