Нийгмийн хариуцлагын хүрээнд “Бүрэн Финанс” ББСБ нь жил бүр өсвөр үеийнхэнд зориулан санхүүгийн боловсрол олгох тогтвортой, бодитой, ашгийн бус сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.
2024 онд тус байгууллага нь Улаанбаатар хотын 7 дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгах” нэртэй сургалтыг амжилттай зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын нийт 8 сургуулийн 1500 гаруй ахлах ангийн сурагчдыг хамруулсан билээ.
2025 онд энэхүү санаачилгыг улам өргөжүүлэн, Улаанбаатар хотын 8 дүүргийн 10 гаруй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд эхний сургалтууд: Сонгинохайрхан дүүргийн 154-р сургуулийн салбар сургуулийн 80 сурагч, Баянзүрх дүүргийн 127-р сургуулийн 600 гаруй сурагч, мөн Багануур дүүргийн Боловсрол сургууль, Гүнгалуутай сургууль, Оюуны Эрин сургуулийн 1900 гаруй сурагч нийт одоогийн байдлаар 2580 сурагчид танхимаар болон цахимаар амжилттай хамрагдаж, сургалт амжилттай үргэлжилж байна.
Уг сургалт нь өсвөр насныханд зөвхөн санхүүгийн суурь мэдлэг олгохоос гадна санхүүгийн зөв дадал хэвшүүлэх, хариуцлагатай хэрэглээний төлөвшил бий болгох, цаашлаад насанд хүрэхэд нь санхүүгийн хувьд бие даах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй юм. Сургалтыг Санхүү эдийн засгийн их сургуулийн мэргэжлийн багш удирдан, онол, практикийг хослуулсан арга зүйгээр хүргэснээр сургалтын чанар, үр дүнг улам бататгаж байна.
“Бүрэн Финанс” ББСБ нь энэхүү санаачилгаа жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж, илүү олон хүүхдэд хүргэхийг зорьж буй. Тэд өсвөр үеийнхний боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг өнөөдрийн хэрэгцээг хангах төдийгүй ирээдүйн хариуцлагатай иргэд, санхүүгийн сахилга баттай харилцагч, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх урт хугацааны үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!