Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинээр барьж өгөх үйлчилгээг үзүүлдэг байна.
Энэ тухай “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын Өрхийн зуухны инженер Б.Өлзийбаяр “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, айлын ханан пийшинг шинэчиллээ. Энэ айлын ханан пийшин буруу өрөгдсөн, хуучирсан зэргээс үүдэн галлагаа хийхэд угаарын хийн эрсдэл үүсэхээр байна. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Хяналтын ажилтнууд шаардлагатай үед ирж, тусалдаг. Янданг нь хөөлж, пийшинг буулгаж, шинээр өрлөө.
Айлуудын ханан пийшин, яндан өөр байдаг. Ханан пийшинтэй айлууд ихэвчлэн трубагаар яндан хийсэн байдаг. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй ч өвөл цантаж мөстөөд угаартах эрсдэл бий болгодог. Тиймээс тоосгоор яндангаа барихыг зөвлөж байна. Тоосго дулаан алдагдал багатай учир цантаж, мөстөж бөглөрөх нь бага байдаг.
Трубагаар хийсэн яндантай айлууд шавраар болон шилэн хөвөнгөөр дулаалах хэрэгтэй. Мөн зуух, яндангаа тогтмол хөөлөхийг зөвлөе.
Монгол гэртэй айл 7-14 хоног, ханан пийшинтэй айлууд 14-21 хоног тутам зуухны хүхээгийн үнсийг авах хэрэгтэй” гэв.
Яндангийн аюулгүй байдлаа хангах нь угаартахаас сэргийлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!