Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 километр Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэх ажил үргэлжилж буй.
Өнөөдрийн байдлаар ажлын талбайд нийт 130 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 30 гаруй машин механизмтайгаар түр замын болон далангийн хөрс хуулалтыг гүйцэтгэж байгаа бол урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70,000 ам метр талбай төлөвлөгдсөнөөс дам нуруу үйлдвэрлэх бүсийн 30,000 ам метр талбайг тодорхойлж, 20,000 ам метр талбайн чулуун шороог тэгшлэх ажлыг дуусгажээ.
Хурдны замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажилчдын дөрвөн кэмпийг ТЭЦ-3-ийн баруун талд барьж эхэлсэн юм.
Туулын хурдны зам нь найман байршилд хоёр түвшний уулзвартай, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөжээ. Үүнээс хамгийн урт буюу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 7.2 километр үргэлжлэх гүүрэн байгууламжийг Туул гол дагуу эко зурвасын гадуур барина.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!