Уншиж байна ...

$10 саяын үнэтэй Birkin брэндийн анхны цүнхийг олон нийтэд үзүүлэх арга хэмжээ Токио хотод эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Тансаг эдлэлийн Hermes компанийн Birkin брэндийн гар цүнхний анхны хувилбарыг олон нийтэд үзүүлэх арга хэмжээ өчигдөр Японы нийслэл Токио хотод эхэлжээ.

Уг цүнхийг энэ оны эхээр Парис хотод дуудлага худалдаагаар зарахад Японы үнэт эдлэлийн Valuence компани 8.6 сая еврогоор ($10.04 сая) худалдан авч, ижил ангиллын бараа бүтээгдэхүүний үнийн дээд амжилтыг тогтоож байсан юм.

1984 онд Hermes компанийн гүйцэтгэх захирал Жан Луй Дюма нисэх онгоцоор зорчихдоо Франц-Британийн жүжигчин, модель Жэйн Биркинтэй санамсаргүй зэрэгцэж суусан юм.

Энэ үеэр Биркин залуу ээжүүдэд зориулсан загварлаг мөртлөө ашиглалт сайтай цүнх хэрэгтэй байгааг хэлэхэд Дюма шууд газар дээр нь анхны "Birkin" цүнхний загварыг зурсан гэдэг.

Тэрбээр энэхүү цүнхийг зөвхөн Биркинд зориулан бүтээсэн бөгөөд сүүлд жижиг хувилбарыг нь бөөнөөр үйлдвэрлэж, зах зээлд гаргахдаа “Birkin” нэрийг өгсөн юм.

Valuence компанийн гүйцэтгэх захирал Шинсүкэ Сакимото “Бүтээгдэхүүний тухай ярихдаа үнийг нь биш, харин брэндийнх нь философи, үнэт зүйлсийг агуулсан түүх, ач холбогдлын тухай ярих ёстой гэж бид үздэг” гэж үзвэрийн нээлтийн үеэр хэлжээ.

Тус компани анхны Birkin цүнхийг цааш зарахын оронд энэ удаагийнхтай ижил арга хэмжээнүүдээр дамжуулан хүмүүст үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хатагтай Жэйн Биркин өөрийн цүнхийг ДОХ-той тэмцэх Францын буяны байгууллагад хандив босгох зорилгоор 1994 онд дуудлага худалдаагаар зарж байжээ.

 

Эх сурвалж: Reuters