Уншиж байна ...

Сэтгүүлч Б.Батцэцэг Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрээр Соёлын сайд асан Ч.Номин хэдэн төгрөг зарцуулсныг шалгуулахаар АТГ-т хандав

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Newsroom.mn сайтын эрхлэгч Б.Батцэцэг Соёлын сайд асан Ч.Номинг Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахаар хандаж буйгаа өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчлах хэмээн гаргасан зардлын талаар холбогдох албан тушаалтнаас нь мэдээлэл авахаар удаа дараа оролдоход тухайн хүний мэдээлэл нь зөрсөөр байсан. Монгол Улсыг гадаадад сурталчлахад нийт хэдэн төгрөг зарцуулсан талаар ойролцоо багц тоо, түүний задаргаа, үр дүн нь ийм байсан гэдэг нь энгийн логикийн асуудал. Энэ хүрээнд тодруулахад баттай мэдээлэл авч чадаагүй гэж үзэж байна.

"Go Mongolia", "Welcome to Mongolia" гэдэг хоёр брэндингийн зардал хэд вэ, энэ хүрээнд ямар төсөвт өртөгтэй ажлууд хийгдсэн тухай тодруулахад нэг удаа 400,000 ам.доллар зарцуулсан гэж ярьсан бол дараа нь 500,000 ам.доллар, мөн 1,000,000 ам.доллар гэх мэтээр тоонууд нь зөрүүтэй байсан. Эх үүсвэр хаанаас вэ гэхэд хувийн хэвшил гэж байснаа Дэлхийн Банк, Засгийн газар болж хувирсан. Баримтын эдгээр зөрүүг тодруулж асуугаад тоймтой мэдээлэл авч чадаагүй учраас хууль хяналтын байгууллага нь шалган нягталж, тодруулж өгөх хүсэлт тавьж байна" гэлээ.

Тус редакц зургаан сарын хугацаанд энэ асуудлыг тодруулахаар хичээсэн ч баталгаатай мэдээлэл авч чадаагүйн зэрэгцээ Шилэн данс шүүж үзэхэд зарим мэдээлэл олдоогүй байна.

Сэтгүүлч Б.Батцэцэг "Сайдын тушаалууд гарсан ч мөнгө нь яаж шилжигдсэн гүйлгээний мэдээллийг би зургаан сарын хугацаанд хайгаад олоогүй. Ийм мэдээллүүд угаасаа байгаагүй юу эсвэл гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоогоосой гэж хүсэж байна. Учир нь энэ бол Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ) төлж байгаа нэг сая орчим иргэний цалингаасаа хугасалж төлсөн татвар, НДШ-ийн мөнгөнөөс явчихсан байж магадгүй гэж хардаж байна.

Онцлон анхаарал татаж байгаа асуудал нь хөлбөмбөгийн "Fulham" багтай хийсэн гэрээ. Гэрээний дүн нь 1,190,000 фунт стерлинг. 2025 онд гэхэд шилжүүлэх үүрэгтэй 360,000 фунт стерлинг, 2026 онд шилжүүлэх 830,000 фунт стерлинг буюу 4.1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгах шаардлагатай байгаа тухай, мөн үүнээс үүдэлтэй Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхэд дуудагдсан гэдгийг аравдугаар сарын 27-нд одоогийн Соёлын сайд Ч.Ундрам мэдэгдсэн.

Судалж үзвэл "Fulham" багийн хаалгач долоо хоногийн 165,000 ам.долларын цалинтай. Энэ хүний цалинг Монголын эмч, багш нарын төлдөг татвараас өгөн байх нь гэж харагдахаар дүр зураг үүсэж байна" гэлээ.

Түүнчлэн сэтгүүлч Б.Батцэцэг нийтийн албан тушаалтан мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Глоб интернэшнлд хандаж байгаа аж.