Ираны зүүн хойд бүсийн Машхад хотыг хангадаг далангийн усны түвшин нийт багтаамжийнхаа гурван хувьд хүрэхгүй хэмжээнд хүрч багассаныг тус улсын хэвлэлүүд Ням гарагт мэдээлжээ.
“Машхадын далангийн усны нөөц одоо багтаамжийнхаа гурван хувиас доош хүртэл багассан байна” гэж Ираны хоёр дахь том хотын ус хангамжийн компанийн гүйцэтгэх захирал Хоссейн Эсмайлиан ярьсныг ISNA агентлаг уламжилсан байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Усны хэрэглээгээ зохицуулах нь зүгээр нэг зөвлөмж биш, зайлшгүй шаардлага болсныг одоогийн нөхцөл байдал харуулж байна” гэж анхааруулжээ.
Ираны хамгийн ариун хот гэгддэг, дөрвөн сая оршин суугчтай Машхад нь дөрвөн далангаас усны хэрэгцээгээ хангадаг байна.
Тус хотын усны хэрэглээ одоогоор секундэд 8,000 литр байгаагийн 1,000-1,500 литр нь дээрх далангуудаас нийлүүлэгдэж байгааг Эсмайлиан мэдээлжээ.
Нийслэл Тегеран хотод бас усны ноцтой хомсдол үүсээд байгааг эрх баригчид өмнө нь анхааруулж байсан. Энэ бүхэн Иранд сүүлийн олон арван жилд үзэгдээгүй их ган гачиг тохиосонтой холбоотой.
Тегераныг усаар хангадаг таван далангийн нөөц ноцтой түвшинд хүртэл багассан бөгөөд нэг далан бүрэн хоосорсон бол өөр нэг далангийн нөөц найман хувь хүрэхгүй хэмжээнд хүртэл багасжээ.
“Хүн бүр усны хэрэглээгээ 20 хувиар багасгавал хангамжийг таслалгүйгээр нөхцөл байдлыг зохицуулж болохоор байна” гэж Эсмайлиан өчигдөр хэлсэн юм.
Ираны нийт усны хангамжийн 10 орчим хувийг бүрдүүлдэг 19 том далан хатаж хоосорсныг аравдугаар сарын сүүлээр эрх баригчид мэдээлж байв.
Тухайн үед Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан өвлөөс өмнө хур тунадас орохгүй бол нийслэл Тегераныг нүүлгэн шилжүүлэхэд хүрч болзошгүйг анхааруулж байлаа.
Ням гарагт Ираны зарим хэвлэлүүд үндэсний хэмжээнд усны нөөцийн удирдлагыг чадваргүй менежэрүүд хариуцаж байгаа нь гамшгийн гол шалтгаан болж буйг шүүмжилжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!