Уншиж байна ...

Өмнөд Солонгост дулааны цахилгаан станцын цамхаг нурсны улмаас 3 хүний амь үрэгдээд байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсийн Улсан хотод дулааны цахилгаан станцын уурын цамхаг нурсны улмаас дарагдсан ажилчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Баасан гарагийн байдлаар тэднээс гурван хүн амиа алдсан нь тодорхой болжээ. Өөр дөрвөн ажилчны цогцос хараахан олдоогүй байгаа ч тэдний хоёрыг бас амь үрэгдсэн гэж үзэж байгаа гэнэ. Үлдсэн хоёрын байрлал тодорхой болоогүйг аврах албаныхан мэдээлжээ.

Цамхаг нурсан станц нь Өмнөд Солонгосын төрийн өмчит Korea East-West Power Co компанийн эзэмшил юм.

1981 онд байгуулагдсан 60 метр өндөр цамхгийг 2021 оноос хойш ашиглахаа больсон бөгөөд нураах ажил саяхан эхлээд байжээ.

Туслан гүйцэтгэгч компанийн ажилчид тэсэлгээний үеэр нуралтыг саадгүй болгохын тулд цамхгийн ган тулгууруудыг тайрах үеэр осол гарсан байна.

Газраас 25 метрийн өндөрт гүйцэтгэж байсан энэ ажлын улмаас цамхгийн хүндийн тэнцвэр алдагдсан байж болзошгүй гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэжээ.

Тус улсын хөдөлмөрийн яам ослын шалтгааныг тогтоох шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөснөө мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News