Уншиж байна ...

Бразилын цагдаа Рио Де Жанейро хотын ядуусын хороололд хар тамхины эсрэг ажиллагаа явуулах үеэр 64 хүн алагджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Бразил улсын цагдаагийн хүчин Рио Де Жанейро хотын ядуусын дүүрэгт хар тамхины гэмт хэрэгтнүүдийн эсрэг томоохон ажиллагаа явуулах үеэр 64 хүн алагджээ.

Тус хотын хойд хэсгийн хоёр фавелад (ядуусын хороолол) явуулсан уг ажиллагаанд хуягт машин, нисдэг тэрэг, дроноор дэмжүүлсэн 2,500 орчим зэвсэглэсэн цагдаа оролцсон байна.

Ажиллагаа эхэлснээс хойш нэлээд хэдэн цагийн дараа тэнд буун дуу тачигнаж, хэд хэдэн хэсэгт гал түймрийн утаа гарч байжээ.

Гэмт хэрэгтнүүд анх удаа цагдаа нарын эсрэг дрон буюу нисгэгчгүй онгоц ашигласан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Рио Де Жанейро мужийн захирагч Клаудио Кастро үүнийг мужийнх нь түүхэнд бичигдсэн ийм төрлийн хамгийн том ажиллагаа гэж тодорхойлжээ.

Бразилын төв засгийн газар үүнийг Comando Vermelho (Улаан Комманд) нэртэй хар тамхины гэмт хэргийн бүлэглэлийн хүч нөлөөг сааруулах зорилготой гэж тайлбарласан байна.

Мужийн захирагч гэмт хэргийн бүлэглэлээс нийтдээ 60 хүн, цагдаа нараас дөрвөн хүн алагдсаныг мэдээлжээ.

Бразилын том хотуудын ядуусын хороололд цагдаа нар ажиллагаа явуулах нь хэвийн үзэгдэл боловч өчигдрийн ажиллагаа хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болж байгаа гэнэ.

Үүнээс өмнө 2021 онд явуулсан ажиллагааны үеэр 28 хүн алагдсан нь хамгийн олон хүний амь үрэгдсэн тохиолдол байжээ.

Ажиллагааны үеэр Рио Де Жанейро хотын гол замуудын хөдөлгөөнийг зогсоосон байна.

зураг
 

Цагдаа нар энэ үеэр 42 ширхэг урт бууг их хэмжээний хар тамхины хамт хурааж,  81 хүнийг баривчилжээ.

Ажиллагаанд хоёр нисдэг тэрэг, 32 хуягт машин оролцсоноос гадна гэмт хэрэгтнүүдийн босгосон бэхлэлтийг нураахад 12 ширхэг хүнд машин механизм ашигласан байна.

Гэмт хэрэгтнүүд цагдаа нарын дээрээс дроноор тэсрэх бөмбөг хаясан тухай эрх баригчид мэдээлжээ.

Өнгөрсөн онд Рио Де Жанейро хотын ядуусын хорооллуудад цагдаагийн хүчний явуулсан ажиллагааны үеэр нийтдээ 700 орчим хүн алагдсан нь жилийн турш бараг өдөр бүр хоёр хүн алагдсан гэсэн үг юм.

Хүний эрхийн байгууллагууд ийм ажиллагааг үр дүн муутай гэж шүүмжилдэг.

Рио Де Жанейро мужийн хууль тогтоох байгууллагын Хүний Эрхийн Комиссын ерөнхийлөгч Дани Монтейро эрх баригчдаас “Риогийн ядуусын хорооллыг дайны талбар болгон хувиргасан ажиллагааныхаа нөхцөл байдлын талаар тайлбар өгөхийг” шаардаж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP