Уншиж байна ...

П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг энэ онд 70 хувь нэмж 2.5 сая төгрөг болгох боломжтой. Хэлэлцээний ширээнд сууцгаая

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багш нар үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан ажлаа хаяад 10 гаруй хонож байна. Уг нь бие даалтын долоо хоног дууссанаар өнөөдрөөс хүүхдүүд хичээлдээ явах ёстой байсан ч гэртээ өнжицгөөж байгаа юм.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2026 оны нэгдүгээр сараас 3.2 сая, долдугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөгт хүргэхээр шийдвэрлэвэл ажил хаялт зогсоно гэдгийг мэдэгдсэн.

Харин өчигдөр Боловсролын сайд П.Наранбаяр тэдний шаардлагыг шаардлага гэхээс илүү тулган шаардалт, мухардал хэмээгээд бодит байдлыг харж тооцох ёстойг санууллаа. Учир нь энэ салбарт 93 мянга гаруй хүн ажиллаж буй бөгөөд тэдний цалинг ингэж огцом хөдөлгөх нь макро эдийн засагт газар хөдлөхтэй ижил зүйл болно гэж буй юм.

Иймд цалинг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар тооцооллоо танилцуулж, үйлдвэрчний эвлэлийг хэлэлцээний ширээний ард суухыг урив.

Тэрбээр "Багшийн цалинг 2026 онд үе шаттайгаар нийт 70 хувь нэмж, 2.5 сая төгрөг болгох боломжтой. Бид үүний төлөө явж байна. Сангийн Яам, Гэр  Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Төсвийн Байнгын Хороотой ойлголцож байгаа. УИХ-ын гишүүд ч Боловсролыг дэмжих жилийн хүрээнд цалинг нь нэмье гэж байгаа.

Гэхдээ мухардалд оруулах, амьдралаас тасархай шаардлагатай зууралдаж Монголын боловсролыг барьцаанд оруулж болохгүй. Бодит байдлыг хараад хэлэлцээний ширээний ард суугаач, тоонууд дээр ярилцъя.

Аравдугаар сарын 29-нд Төсвийн Байнгын Хороо 2026 оны улсын төсвийг боож, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажилдаа орно. Хэлэлцээний ширээний ард суухгүй бол энэ бүх тоо хөөс болж задраад юу ч үгүй болно. Хэлэлцээний ширээнд сууя, ажил хаяснаар бүх зүйлийг шийдэхгүй.

Бид багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохын төлөө бүх хүчээ дайчилна" гэлээ.

https://www.facebook.com/reel/1844776952803416