Багш нарын цалинг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар яг одоо Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөлтэй Засгийн газрын гишүүд уулзаж байна.
Засгийн газраас багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс дахин 10 хувиар нэмэх боломжтой гэж үзжээ. Ингэснээр нийслэлийн багш нарын дундаж цалин 3,050,800 төгрөг, аймгийн багш нарынх 3,261,300 төгрөг, сумын багш нарын цалин 3,482,500 төгрөг болно гэж Боловсролын сайд танилцуулав.
Харин үйлдвэрчний эвлэлээс хамтын шийдвэр гаргасан учраас уг саналыг шууд хүлээж авах боломжгүй гэлээ.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "Тавьж байгаа саналыг тань гишүүддээ танилцуулна. Гэхдээ хүлээж авахгүй. Ажил хаялт нэгэнт эхэлсэн. Нэмэлт хэлэлцээр хийж, хоёр тал гарын үсэг зурснаар зогсоно. Бид улстөрждөг байгууллага биш. Үе шатуудаа дамжиж хууль ёсны дагуу ажил хаясан. Үүнийг хууль бус гэж хэлж байгаа талаар Засгийн газраас тодруулга авмаар байна.
Суурь цалин нэмэх талаар л ярьж байгаа. Түүнээс биш нэмэгдэл болон дундаж цалин яриагүй. Дундаж цалин яагаад өндөр гардгийг та бүгд мэдэж байгаа. Багш нарын дутагдалтай ажиллаж байгаа. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа. Нэг хүн 2-3 хүний ажил хийж байхад дундаж өндөр гарах нь ойлгомжтой. Та нар өөрсдөө 70 хүүхэдтэй ажиллаад, энэ хэмжээний цалингаар сар амьдраад үз" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!