Багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөөх ажил хаялт үргэлжилж буй.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ), Боловсролын салбарын багш, ажилчдын "Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг"-ээс өчигдөр олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн юм.
Энэ үеэр МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "Төсөвтэй холбоотой асуудлаар энэ сарын 21-нд гурван сайдтай уулзсан. Уулзалтын үеэр сайд нарын зүгээс 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь нэмэгдүүлэх гаргалгааг ярилцаж байна гэдэг хариу өгсөн.
Мөн төсөв өргөн барихдаа ямар ч шийдэлгүй байсан бол одоо 30 хувь нэмэх асуудлыг ярьж эхэлсэн байна. Бидний зүгээс үндсэн цалинг ₮3.5 саяд хүргэх байр сууриа илэрхийлсэн.
Ингээд энэ сарын 22-нд хэлэлцээ хийе гэдэг саналыг яамнаас ирүүлсэн. Үүндээ яамны зүгээс долоон хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болсноо мэдэгдсэн. Манай холбооноос 2026 онд багш нарын цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх асуудлыг тодорхой ирүүлэхийг хүссэн.
Үүний хариуд 23-нд ирсэн албан бичгээр "шат дараалалтайгаар 30 хувь нэмэх саналыг дэмжвэл Төсвийн байнгын хороо болон Засгийн Газарт хүргэхээр ажиллаж байна" гэсэн.
Бид энэ саналыг хүлээж авахгүй гэдгээ ил тод илэрхийлсэн юм.
Ингээд МБШУҮЭХ-ны Тэргүүлэгчдийн хурал хуралдаж хэлэлцээ хийх бүрэлдэхүүнээ баталж, Ажлын хэсэг болон Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлыг өнөөдөр хийлээ.
Энэ үеэр Засгийн Газраас Боловсролын Яам болон манай холбооны хоорондын хэлэлцээг эхлүүлэх гэсэн боловч холбооны зүгээс хүмүүс ирэхгүй байна гэх зэргээр мэдээлэл гаргажээ. Бидний зүгээс цалинг ₮3.5 саяд хүргэхгүй бол ямар ч саналыг хүлээж авах боломжгүй гэдэг хариуг албан ёсоор өгснөө мэдэгдье.
Бидний зүгээс 2026 оны нэгдүгээр сараас ₮3.2 сая, долдугаар сарын 1-нээс ₮3.5 саяд хүргэх саналыг шийдвэрлэвэл ажил хаялт зогсоно гэдгийг мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 598 байгууллагын 32,000 хүн ажил хаялтад нэгдсэн. Өдөр ирэх тусам энэ тоо улам нэмэгдэж байгаа. Үүгээр бид бүхэн нэг хүсэл, зорилготой байгааг харуулж байна.
Нийгэм болон эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн бидний тэмцлийг эергээр хүлээн авч, мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж байгаа.
Боловсролын салбарт ажиллаж буй орон нутгийн багш, төлөөлөгчид маань тойргоос сонгогдсон гишүүдэд сануулж хэлэх, төсөвтэй холбоотой асуудлыг дэмжихийг та бүгдэд уриалж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!