Уншиж байна ...

Багш нарын ажил хаялт ирэх долоо хоногт ч үргэлжлэх талаар сургууль, цэцэрлэгүүд эцэг, эхчүүдэд мэдэгдэж эхлэв

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөөх ажил хаялт үргэлжилж байна.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ноос авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлд 111 сургуулийн 11,044, 251 цэцэрлэгийн 9,129 багш ажилтан ажлаа хаясан байна. Мөн 12 аймгийн сургууль, цэцэрлэгийн багш ажилтан ажлаа хаяжээ.

Нэгтгэвэл улсын хэмжээнд 596 сургууль, цэцэрлэг, коллежийн нийт 31,740 багш ажилтан ажил хаялтад нэгдэж, үндсэн цалинг энэ онд багтан 3.5 сая төгрөгт хүргэх хэлэлцээр хийх хүртэл тэмцлээ тууштай үргэлжлүүлнэ гэж байгаа юм. 

Энэ долоо хоногт сурагчид бие даалтын долоо хоногтой байсан. Хуваарь ёсоор ирэх Даваа гарагт танхимын хичээл эхлэх учиртай ч сургууль, цэцэрлэгүүд ажил хаялт үргэлжилнэ гэж эцэг эх, асран хамгаалагч нарт мэдэгдэж эхэллээ.

Аравдугаар сарын 21-нд Засгийн газрын гишүүд Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 20, долдугаар сарын 1-нээс дахин 10 хувь нэмэх санал тавьсан. Гэвч энэ саналыг хүлээн авах боломжгүй гэж Үйлдвэрчний эвлэлээс байр сууриа илэрхийлсэн юм.