Уншиж байна ...

Британийн цагдаа нар хулгайлагдсан нэг iPhone-ий мөрөөр ажиллаад гар утасны хулгайн томоохон сүлжээг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Их Британийн цагдаагийн байгууллага тус улсаас Хятад улс руу нэг жилд 40,000 орчим хулгайн гар утас тээвэрлэдэг томоохон сүлжээг илрүүлснээ мэдээлжээ.

Британийн түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа ийм төрлийн хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Лондон, Хертфордширт нийт 28 байгууламжид тусгай ажиллагаа явуулахад 18 сэжигтнийг баривчилж, 2,000 гаруй хулгайн гар утас илрүүлсэн байна.

Лондон хотод хулгайлагдсан нийт гар утасны бараг тал орчим хувийг энэ сүлжээгээр Хятад руу гаргадаг байжээ.

Өнгөрсөн оны Зул сарын баярын өмнөхөн хулгайд алдсан iPhone гар утсаа байрлал тогтоогчоор мөрдсөн нэг хохирогч Хитроу нисэх буудлын агуулах хүргээд цагдаад мэдээлсэн байна.

Ингээд уг агуулахыг шалгахад тухайн хохирогчийн iPhone-ийг өөр 894 гар утасны хамт нэг хайрцаг дотроос олжээ.

Уг хайрцгийг Хонконг руу тээвэрлэхээр хаягласан байсан гэнэ.

Улмаар цагдаа нар хайрцаг дээрх ул мөрийг шинжлээд 30 гаруй насны хоёр афган эрэгтэйг баривчилжээ.

Тэднийг баривчлах үеэр автомашинаас нь болон холбогдох байгууламжуудаас нь нийт 2,000 орчим хулгайн гар утас илэрсэн байна.

Сүүлд тэдэнтэй хамтран ажилладаг 29 настай энэтхэг эрэгтэйг баривчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар уг сүлжээнд хамаатай өөр 15 хүнийг баривчилсан байна.

Тэдний дунд ганцхан эмэгтэй байсан нь Болгарын иргэн байжээ.

Албаны тоо баримтаас харвал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Лондон хотод хулгайд алдсан гар утасны тоо бараг гурав дахин нэмэгджээ.

2020 онд энэ тоо 28,609 байсан бол 2024 онд 80,588 болж өссөн байна.

Британи даяар хулгайлагдсан гар утасны дөрөвний гурав нь

Лондон хотоос алдагдсан байжээ.

Жил бүр 20 сая гаруй жуулчин хүлээж авдаг Лондон хотын аялал жуулчлалын гол төвүүдэд гар утасны хулгай хамгийн их гардаг байна.

Хуучин гар утасны эрэлт Британид төдийгүй дэлхий дахинд нэмэгдсэн нь ийм төрлийн хулгай өсөхөд нөлөөлж байгаа гэж мэргэжилтнүүд үздэг.

“Зарим гэмт хэрэгтнүүд илүү ашигтай гэсэн шалтгаанаар хар тамхи зарахын оронд хулгайн гар утас зардаг болсон гэх мэдээлэл бидэнд бий. Хулгайлсан гар утас нь шууд хэдэн зуун фунтийн үнэ хүрэхийг мэдсэний дараа гэмт хэрэгтнүүд яагаад үүнд татагдах болсныг ойлгоно” гэж Британийн дотоод хэргийн сайд Сара Жонс ярьжээ.

Ингэхдээ гэмт хэрэгтнүүд илүү үнэ хүрдэг шалтгаанаар Apple компанийн бүтээгдэхүүнүүдийг голчлон хулгайлдаг гэнэ.

Лондон хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт хэрэгтнүүд хулгайн гар утсыг 300 хүртэл фунт стерлингээр худалдаж авдаг ба үүнийгээ Хятадын зах зээлд дээд тал нь 4,000 хүргэж зардаг ажээ.

Хулгайн гар утас Хятадын засгийн газрын хяналт хоригт хязгаарлагдалгүй интернэтэд холбогддог нь ийм өндөр үнэ хүрэх шалтгаан болдог байна.

 

Эх сурвалж: BBC