Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганмаа: Ж.Чинбүрэн сайд миний хажууд хүрч ирээд "хохино шүү, аятайхан байгаарай чи" гэж заналхийлсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан "Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах" иргэдийн өргөдлийг хэлэлцэв. 

Тус хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмааг айлган сүрдүүлсэн үйлдэл гарчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Өнөөдөр эмч, багш нарын цалингийн асуудлыг ярилцсан.

Эмч нарын цалинг нэмэхтэй холбоотой олон асуулт асууж, санал хэлсэн. Эрүүл мэндийн яам, Сангийн яамны өмнө бодлогоо хамгаалж, эмч ажилчдын цалингийн нэмэгдэхэд ямар бодлого хэрэгжүүлж байгаа, чадахгүй бол хэн хариуцлага хүлээх асуудлыг ярьсан. 

Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, ажлаас халшралтыг бууруулах, ачааллыг багасгах гэх мэт бодлогын тоо баримт шаардахад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн миний хажууд хүрч ирээд гишүүний бүрэн эрхэд халдсан. Миний бодож буйгаар эмэгтэй хүний хувьд шууд дээрэлхсэн. "Хохино шүү, аятайхан байгаарай чи" гэж заналхийлсэн үг хэллээ. 

Би эх орондоо ирээд анх удаа сэтгэл зүйн дарамтад орж үзлээ. Г.Лувсанжамц гишүүн хүрч ирээд "Та зарчмын шаардлага тавьж байхад яаж яриад байгаа юм. Эмэгтэй хүнтэй яагаад ингэж харьцаж байгаа юм" гэж эр хүний хувьд хэлээгүй бол юугаар төгсөх байсныг мэдэхгүй. Би сэтгэл санааны хувьд айдастай байна. 

Салбарын асуудлыг ярих тусам нэр хүнд мууддаг учраас асуудал болгож гаргах үгүйг нэлээд бодлоо. Анх удаа сонгогдсон гишүүний хувьд Засгийн газарт хяналт тавьдаг ажлаа хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй ил тод мэдээлэх нь зүйтэй байх.

Эрүүл мэндийн яам орлогын эх үүсвэрээр цалин нэмэх талаар бодлого гаргаж ирэхгүй байна. Бодлогын асуудал асуусны төлөө ингэж хандаж байгаа нь цаанаа маш том эрх ашгийн асуудал байгаа учраас улайран заналхийлсэн гэж бодож байна" гэв.