Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цагаачлалын албаныхан 300 орчим иргэнийг нь баривчилсанд санаа зовж байгаагаа Өмнөд Солонгос мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Жоржиа мужийн нутаг дэвсгэрт оршдог Hyundai, LG Energy Solution компаниудын төсөл дээр ажиллаж байсан 300 орчим иргэнийг нь АНУ-ын цагаачлалын албаныхан баривчилсанд санаа зовж байгаагаа Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр илэрхийлжээ.

“АНУ-ын хууль сахиулах ажиллагааны явцад манай хөрөнгө оруулалттай компаниудын эдийн засгийн ажиллагааг тасалдуулж, иргэдийн эрх ашгийг шударга бусаар зөрчих ёсгүй” гэж тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч И Жэ Вон мэдэгдсэн байна.

Вашингтон дахь элчин сайдын яам, Атланта дахь ерөнхий консулын газрын ажилтнуудыг газар дээр нь ажиллуулах арга хэмжээ авч байгааг тэр бас мэдээлжээ.

“Бид Сөүлд суугаа АНУ-ын элчин сайдын яамаар дамжуулан санаа зовж байгаагаа илэрхийлж, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг уриаллаа” гэж И Жэ Вон хэлсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Ён болсон явдлын талаар мэдээлэл авч, нөхцөл байдлыг сайтар хянаж байхыг албаныханд үүрэг болгосныг тэр бас сэтгүүлчдэд дуулгажээ.

Орон нутгийн цагаар Пүрэв гарагт АНУ-ын цагаачлалын албаныхан Hyundai Motor Group компанийн цахилгаан автомашины үйлдвэрийн дэргэд шинээр байгуулагдаж буй батарейн үйлдвэрийн барилгын талбайд баривчилгаа явуулсан юм байна.

Уг төслийг Hyundai болон LG Energy Solution компаниуд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Цагаачлалын албаныхан болон дотоод хэргийн яамны ажилтнууд оролцсон энэхүү ажиллагааг АНУ-ын эрх баригчид “хууль бус хөдөлмөр эрхлэлт болон бусад ноцтой гэмт хэрэгтэй” тэмцэх ажлын хүрээнд авсан арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Баривчлагдсан хүмүүсийг иргэний харьяаллыг нь тогтоох хүртлээ саатуулахыг нэмж мэдэгдсэн байна.

Баривчлагдсан хүмүүсийн дунд бизнес аяллаар АНУ-д ирсэн түнш компаниудын ажилтнууд байжээ.

Тэдний ихэнх нь богино хугацааны визээр, визээс чөлөөлөх хөтөлбөрийн дагуу, мөн аялал жуулчлалын цахим системээр дамжин АНУ-д ирсэн байсан гэнэ.

Жоржиа мужийн Эллабел хотод байрладаг энэ үйлдвэрт 1,200 орчим хүн ажилладаг, тус мужийн хамгийн том үйлдвэрүүдийн нэг ажээ.

 

Эх сурвалж: Korea Times