Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Гацуурт” ХХК-ийн удирдлагууд хууль зөрчиж байгаль орчинд хохирол учруулсан, хүний эрхийг зөрчсөн талаар малчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл өглөө.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч эдгээр эрх нь зөрчигдөж байгаа тул арга буюу хэвлэлийнхэнд хандаж байгаагаа зохион байгуулагчид онцолсон юм. Тодруулбал хэвлэлээр дамжуулан ерөнхий сайд Г.Занданшатар, ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарт хандаж байгаагаа илэрхийлэв.
Энэ талаар иргэд "Монгол Улсын ерөнхий сайд, ерөнхийлөгчид хандаж орон нутгийн иргэдээ хүлээж авч, малчдынхаа дуу хоолойг сонсоосой гэж хүсэж байна. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Өлзийт гол бол зөвхөн Галуут сумын асуудал биш.
Тухайлбал Галуут, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэх дөрвөн сумын нутгаар урсдаг гол. Ингээд Баянхонгор аймагт байдаг Бөөн цагаан нуурт цутгадаг. Говийг ундны усаар тэтгэдэг Цагаан нуур, Алаг нуур, Бөөн цагаан нуур гэж байсны хоёр нь хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ширгэчихсэн. Монгол орны хамгийн олон буюу 163 төрлийн шувуу нутагладаг Бөөн цагаан нуураа бид олон улсын хамгаалалтад авсан.
"Гацуурт" компанийн хувьд 2017 онд хууль зөрчиж, уул уурхайн үйл ажиллагаа явуулсан. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж байж уул уурхайн үйл ажиллагаа явуулах ёстой. Ийм үнэлгээ хийлгээгүй бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог. Ийм хэргийг зөрчлийн бус эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх учиртай. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэж үзнэ.
Мөн тус компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 14 ширхэг соёлын өвийн дурсгал байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард аль мэргэжлийн байгууллагаар нь мэдэгдэхгүй "олон тооны соёлын өвийн дурсгал байхгүй" гэсэн дүгнэлт гаргасан гэж аймгийн Соёлын өвөөс мэдээлэл өгсөн.
Иргэдийн зүгээс Ажлын хэсэг гаргаад тусгай зөвшөөрөлтэй талбайгаар нь сүүлийн таван өдөр явахад хүрэл зэвсгийн үеийн таван тонны соёлын өвийн дурсгал илрүүлсэн. Соёлын өв байгаа талбай дээр тусгай зөвшөөрөл олгохыг манай улсад хориглосон хууль бий.
Бид олон жил шүүх, цагдаа, хууль хүчний байгууллагаар явсан. Тэд бүгд уул уурхайн мөнгөтэй хүмүүст үйлчилдэг. Тийм учраас төрийн тэргүүнүүдтэйгээ уулзаж, учир байдлаа хэлэхээр ирлээ.
Манай Галуут нутгийн унаган хүү Г.Занданшатар сайд маань иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч, энэ асуудлаар дорвитой арга хэмжээ аваасай гэж хүсэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!