ОХУ-ын талд энхийн яриа хэлэлцээг шинээр эхлүүлэх санал тавьснаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.
Тавьсан саналыг Москва хүлээж авбал Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеровын тэргүүлсэн төлөөлөгчид ирэх долоо хоногт Оросын талтай уулзах юм байна.
Дайны галыг зогсоохын тулд бүх боломжоо ашиглах ёстойг илэрхийлсэн Зеленский мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
“Энх тайвныг бодитой баталгаажуулахын тулд дээд удирдлагын түвшинд уулзаж ярилцах шаардлагатай” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.
Зеленскийн мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Оросын тал Украиныг чиглэсэн ээлжит томоохон агаарын довтолгоогоо явуулсны улмаас гурван хүний амь үрэгдсэн юм.
Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө Украины арван бүс нутгийн хэд хэдэн хот уг агаарын довтолгоонд өртсөн байна.
Нийтдээ 340 гаруй тэсрэх бөмбөгтэй болон төөрөлдүүлэгч нисгэгчгүй онгоц, 35 далавчит болон баллистик пуужингаар довтолсны ихэнхийг устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп
холбоотнуудаараа дамжуулан Украинд хамгийн хүчирхэг зэр зэвсгүүдээ үргэлжлүүлэн нийлүүлэх болсныг зарласан юм.
Мөн Оросын талд дайны галыг зогсоох 50 хоногийн хугацаа өгч, биелүүлээгүй тохиолдолд 100 хувийн хоёрдогч татвараар шийтгэхээр сүрдүүлж байв.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Москва, Киевийн хооронд хоёр удаагийн яриа хэлэлцээ Туркийн Истанбул хотод зохион байгуулагдсан ч гал зогсоох талаар ямар нэг тохиролцоонд хүрч чадаагүй билээ.
Хамгийн сүүлийн уулзалт зургаадугаар сарын эхээр болоход ямар нэг болзол нөхцөлгүйгээр гал зогсоох Киевийн саналыг Москва хүлээж авахаас татгалзаж байв. Энэ нь ганц Украиных биш мөн АНУ болон Европын холбоотнуудын нэгдсэн санал байсан юм.
Оросын тал хариуд нь Украины эзлэгдсэн газар нутгийг өөрийн хяналтад үлдээх, Өрнөдийн зэр зэвсгийн тусламжийг бүрэн зогсоох зэрэг нөхцөлүүдийг тавьж байгаа.
Тухайн үед Зеленский “дараагийн уулзалтыг үр дүнгүй болгохын тулд бүхнийг хийж байна” хэмээн Оросын талыг шүүмжилж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!