Оросын халдлагаас хамгаалахад нь зориулсан зэр зэвсгийг АНУ-аас Украинд нийлүүлэх гэж байгааг ерөнхийлөгч Трамп мэдэгджээ.
Даваа гарагийн орой Цагаан ордонд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай зоог барихынхаа өмнө тэр “Бид илүү их зэвсэг илгээх болно. Тэд өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Одоо тэд маш хүчтэй цохилт амсаж байгаа. Бид голдуу хамгаалах зэвсэг илгээх болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Ердөө долоо хоногийн өмнө Пентагоны удирдлага Украинд зэр зэвсэг нийлүүлэхээ түр зогсоож байгааг зарлаж байв.
Өнгөрсөн Баасан гарагт Трамп, Зеленский нар утсаар ярихдаа энэ асуудлыг хэлэлцсэн юм.
Сүүлд Зеленский үүнийг Трамптай хийсэн түүний хамгийн үр дүнтэй яриа хэлэлцээ болсныг мэдээлж байв.
Зеленскийтэй ярьсны дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Украин улсад Патриот агаарын довтолгооноос хамгаалах систем илүү олон хэрэгтэй байгааг Трамп ярьсан юм.
Харин өчигдөр тэр ярихдаа уг системийн нэрийг онцлон дурдаагүй байна.
Герман улс Украинд дутагдаж буй Патриот системийг өөрийн хөрөнгөөр худалдан авч, нийлүүлэх хүсэлтэй байгаагаа АНУ-ын засаг захиргаанд илэрхийлсэн тухай мэдээ өмнө нь бас цацагдаж байлаа.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!