Өнгөрсөн амралтын өдөр Иранд явуулсан агаарын цохилт тус улсын цөмийн хөтөлбөрийг устгаж чадаагүй, харин үйл явцыг хэдэн сараар ухраасан байж болзошгүйг АНУ-ын тагнуулын нэг байгууллага урьдчилсан байдлаар дүгнэжээ.
АНУ-ын засаг захиргааны тагнуулын 18 агентлагийн нэг, Пентагоны гол тагнуулын байгууллага Батлан Хамгаалах Тагнуулын Агентлаг (Defence Intelligence Agency) ийм дүгнэлт гаргасныг нэрээ нууцалсан албаны хоёр эх сурвалж хэвлэлд мэдээлсэн байна.
Энэ дүгнэлт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт зэрэг өндөр албан тушаалтнуудын мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм.
Бункер дэлбэлэгч бөмбөг болон бусад уламжлалт зэвсгийг хослуулсан цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг устгасныг тэд баталж байгаа.
Өчигдөр буюу Мягмар гарагт Трампын засаг захиргааныхан НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд өгсөн мэдэгдэлдээ Ням гарагт явуулсан ажиллагаа Ираны цөмийн хөтөлбөрийн хэрэгжилтийг “доройтуулсан” гэсэн нь мөн Трампын “устгасан” гэх өмнөх мэдэгдэлтэй зөрчилдөж байна.
Хэвлэлүүдэд тарсан тагнуулын байгууллагын урьдчилсан дүгнэлтийн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левиттээс сэтгүүлчид асуухад “30,000 фунтийн жинтэй 14 бөмбөг байндаа яг тусахад юу болохыг бүгд мэдэж байгаа. Бүрэн устгал” гэж хариулжээ.
Цохилтын дараа Ням гарагт Трамп уг ажиллагаа Ираны цөмийн гол байгууламжуудыг “бүрэн устгасан” гэж мэдэгдсэн бол Пентагоны тэргүүн Пит Хэгсэт энэ нь Ираны “цөмийн амбицыг устгасан” гэж хэлсэн юм.
Гэхдээ Ираны Фордоу, Исфахан, Натанз дахь цөмийн байгууламжуудад учирсан хохирлыг үнэлэх нь маш хэцүү ажил бөгөөд ганцхан DIA (Defence Intelligence Agency) үүн дээр ажиллаагүй.
DIA-гийн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын бусад албадын зарим нь огт хүлээн зөвшөөрөхгүй байгааг эх сурвалжуудын нэг нь мэдээлжээ.
Нөгөө нэг эх сурвалжийн хэлснээр АНУ-ын агаарын цохилт Ираны баяжуулсан ураны нөөцийг устгаагүй, цөмийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгээс хоёр сараар хойшлуулсан байж магадгүй гэнэ.
Пит Хэгсэт энэ мэдээллийн талаар тайлбарлахдаа “Манай бөмбөгдөлт Ираны цөмийн зэвсэг бүтээх чадварыг устгасныг бид бүгд харсан. Манай асар том бөмбөгүүд бай бүрийг яг онож, төгс ажилласан. Бөмбөгдөлтийн үр дүнд Ираны байгууламжууд уулын нуранги дор булшлагдсан тул ингэж ярьж байгаа хэн бүхэн ерөнхийлөгчийн амжилттай ажиллагааг үгүйсгэхийг оролдож байна” гэж хэлжээ.
АНУ-ын тагнуулын агентлагуудын байр суурь хоорондоо зөрчилдөх нь хэвийн үзэгдэл тул цаашдаа ажиллагааны үр дүнгийн талаар дүгнэлт өөрчлөгдөж болох юм.
Ардчилсан Намын хууль тогтоогчид өмнө нь бас Ираны цөмийн хөтөлбөрийг устгасан гэх Трампын мэдэгдлийг батлах баримт одоогоор байхгүй байгааг анхааруулж байв.
Тухайлбал Даваа гарагт Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Хаким Жеффрис “Дональд Трампын хэлж байгаа шиг Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн устгасан гэдгийг нотлох баримтыг би олж хараагүй байна” гэж хэлсэн юм.
Өчигдөр буюу Мягмар гарагт Трампын засаг захиргаа энэ асуудлаар Конгрессын төлөөлөгчдийн танхим болон Сенатын танхимын гишүүдэд хаалттай мэдээлэл өгөх хурал товлогдсон байсан ч цуцлагджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!