Украинд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гарахгүй гэдэгт найдаж байгаагаа Путин илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Украинд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гарахгүй гэдэгт найдаж байгаагаа ерөнхийлөгч Владимир Путин удахгүй Оросын төв телевизээр цацагдах ярилцлагадаа илэрхийлжээ.

Уг ярилцлагын зарим онцлох хэсгийг өчигдөр орой Телеграм сувгаар түрүүлж цацсан юм байна.

Оросын нутаг дэвсгэрт Украины талаас довтолж байгаа талаар ярилцагч асуухад Путин “Үүний эсрэг цөмийн зэвсэг ашиглах шаардлага байхгүй. Цаашдаа ч шаардлага гарахгүй гэдэгт найдаж байна” гэж хариулжээ.

“2022 онд эхэлсэн зүйлийг Оросын шаардаж буй логик үр дүнд хүргэх хангалттай хүч, арга хэрэгсэл бидэнд бий” гэж тэр дараа нь нэмж хэлсэн байна.

2024 оны арваннэгдүгээр сард Оросын цөмийн дайны номлолыг Путин шинэчлэхдээ цөмийн зэвсэг хэрэглэх босгыг намсгасан юм.

Тухайлбал гадаад улсууд заавал цөмийн бус, ердийн зэвсгээр улс оронд нь довтолсны хариуд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтой болгосон.

Одоогоор Орос, Украины талууд түр гал зогсоох нөхцөл дээр маргалдаж байгаа.

Оросын тал энэ долоо хоногийн сүүлээр тохиох дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын үеэр гурав хоног гал зогсоох санаачилга гаргасныг Украины тал зөвшөөрөөгүй.

Өнгөрсөн сард Украин, АНУ-ын талууд урьдчилсан болзол нөхцөлгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоох санал гаргасныг Москва хүлээж аваагүй юм. Украины ерөнхийлөгч Зеленский ялалтын баярын санаачилгын хариуд дээрх саналаа дахин тавьсан ч Оросын тал хүлээж аваагүй байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд талууд харилцан нэгнийхээ эсрэг агаарын довтолгоогоо үргэлжлүүлжээ.

Тухайлбал Ням гарагийн шөнө Оросын дронууд Украины нийслэл Киев хотод довтлох үеэр 11 хүн шархадсаны хоёр нь хүүхдүүд байсныг албаныхан мэдээлсэн байна.

Энэ шөнө Оросын талаас нийт 165 дроноор довтолсны 69-ийг нь устгаж, 80-ыг нь жолоодлогогүй болгож унагасныг Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлсэн юм.

Үүнээс гадна Оросын талаас хоёр баллистик пуужин харважээ.

Нөгөө талаас ОХУ-ын батлан хамгаалах яам Ням гарагийн шөнө Украины 13 дроныг нутаг дэвсгэр дээрээ устгасныг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press