Энэтхэгийн арми 24-36 цагийн дотор нутаг дэвсгэрт нь довтлох гэж байгааг Пакистаны сайд анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирын бүс нутагт зэвсэгт халдлага гарч, 26 жуулчин алагдсаны улмаас Энэтхэг, Пакистаны харилцаа эрс муудаад байгаа.

Тэгвэл Пакистаны мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Энэтхэгийн арми ойрын 24-36 цагийн дотор нутаг дэвсгэрт нь довтолж болзошгүй болсон тухай найдвартай тагнуулын мэдээлэл авснаа сошиал хуудсаараа мэдээлжээ.

Сайд Аттаулла Тарар бас өнгөрсөн долоо хоногийн аллагыг Пакистанд довтлох зохиомол шалтаг үүсгэхийн тулд Энэтхэгийн талаас зохион байгуулсан үйлдэл хэмээн дүгнэсэн байна.

“Аливаа түрэмгийлэлд бид шийдэмгий хариу өгөх болно. Бүс нутагт гарах аливаа ноцтой үр дагаврыг Энэтхэг улс бүрэн хариуцах ёстой” гэж Тарар цааш нь бичжээ.

Энэтхэгийн засгийн газар одоогоор Тарарын мэдэгдлийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Пакистаны батлан хамгаалахын сайд Мухаммад Асиф өнгөрсөн Даваа гарагт хэвлэлд ярихдаа бас Энэтхэгийн талаас удахгүй довтлох нь тодорхой болсныг хэлж байв.

Ингэхдээ тэр Пакистан улс ийм халдлагад бэлэн байгаа хэдий ч зөвхөн улс орных нь оршин тогтнолд аюул учирсан тохиолдолд цөмийн зэвсэг ашиглахыг анхааруулсан юм.

Дөрөвдүгээр сарын 22-нд Пахалгам дахь амралтын газарт гарсан зэвсэгт халдлага нь Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирын хэсэгт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй цус асгаруулсан үйл явдал байв.

Халдлагыг үйлдсэнээ Пакистанд үйл ажиллагаа явуулдаг “Эсэргүүцлийн Фронт” (The Resistance Front) нэртэй зэвсэгт бүлэг хүлээсэн юм.

Гэхдээ Исламабадын эрх баригчид үүнд ямар ч холбоогүйгээ илэрхийлээд хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан байна.

Халдлагын дараа Энэтхэг, Пакистаны харилцаа эрс муудаж, харилцан нэгнийхээ эсрэг виз олгохоо зогсоох, агаарын орон зайгаа хаах зэрэг арга хэмжээнүүд авч эхлээд байгаа.

Энэтхэг улс бас Инд мөрөн болон түүний цутгалуудын усыг хуваалцах гэрээгээ цуцлахаар Пакистаны талыг сүрдүүлсэн юм.

Газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутгийг хоёр улс 740 км урт үргэлжилсэн албан бус хилийн шугамаар хувааж хянадаг.

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа хоёр улсад маргаан зөрчлөө арилгах “хариуцлагатай шийдэл” олохыг уриалсан байна.

“Бид талуудын аль альтай нь холбоо барьж, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриаллаа” гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тэрбээр төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хоёр улсын гадаад хэргийн сайд нартай Мягмар, Лхагва гарагуудад утсаар ярихаар төлөвлөж буйг энэ үеэр дуулгасан байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бас Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф, Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар нартай утсаар ярилцахдаа нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийхийг уриалжээ.

 

Эх сурвалж: Aljazeera