Даваа гарагийн өдрийн 12:30 цагийн үед Испани, Португал улсууд бүхэлдээ цахилгаан эрчим хүчний хангамжгүй болсны улмаас нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн байна.
Төмөр зам, агаарын тээвэр зогсож, үүрэн холбооны сүлжээ унаж, гэрлэн дохио ажиллахаа больсноос хотуудад авто замын томоохон түгжрэл үүсжээ.
Эмнэлгүүд генераторын тусламжтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Мадрид хотод хүмүүс бэлэн мөнгө авахаар банкны гадаа урт дараалал үүсгэж, лифт, гараажид олон хүн түгжигджээ.
Испанийн дотоод хэргийн яам улс орон даяар онц байдал зарлаж, нийслэл Мадрид хот, Андалуза, Экстремадура мужууд нийгмийн дэг журам тогтоож өгөх хүсэлтийг төв засгийн газартаа ирүүлсэн байна.
Испанийн ерөнхий сайд Педро Санчес шалтгаан нь тус улсыг Европын эрчим хүчний сүлжээтэй холбодог шугам тасарсантай холбоотой гэж тайлбарлажээ.
“Бидэнд энэ тасалдал гарах болсон шалтгааны талаар тодорхой мэдээлэл байхгүй байна” гэж тэр телевизээр мэдэгдээд элдэв таамаг дэвшүүлэлгүй, хариуцлагатай, соёлтой байхыг ард иргэддээ уриалсан юм.
Испани, Португал улсуудаас гадна Андорра улс болон Францын өмнөд нутгийн зарим хэсэгт бас цахилгаан богино хугацаанд тасарсан байна.
Европын Холбооны удирдлагууд Испани, Португалийн эрх баригчидтай холбогдож, нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Одоогоор эрчим хүчний түгээлтийн системд кибер халдлага гарсан гэх ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста сошиал хуудсаараа мэдээлсэн байна.
Испанийн түгээх сүлжээний оператор Red Electrica байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Эдуардо Прието тасалдлын шалтгаан тодорхойгүй байгаа ба эрчим хүчний хангамжийг сэргээхэд 6-10 цаг шаардагдахаар байгааг мэдээлжээ.
Португалийн түгээх сүлжээний оператор REN мэдэгдэлдээ Иберийн хойг бүхэлдээ эрчим хүчний хангамжгүй болсныг батлаад хангамжийг сэргээх хугацааг хэлэх боломжгүй байгааг мэдэгдсэн байна.
Энэ бүс нутагт Испани улсын 48 сая, Португал улсын 10.5 сая орчим хүн ам оршин суудаг юм.
Интернэтийн үйл ажиллагааг хянадаг Netblocks байгууллага өчигдөр Испани улсын холболт ердийн үеийнхээ 17 хувьд хүртэл унасныг мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!