Дэлхийн хамгийн алслагдсан зах хязгаар газруудын нэгд тооцогддог Номхон далайн арал Тувалу улс анх удаагаа бэлэн мөнгөний ATM машинтай болжээ.
Өчигдөр буюу Мягмар гарагт шинэ АТМ машины нээлт тус улсын гол арал Фунафутигийн Ваяаку тосгонд болсон байна.
Тувалу улсын 12,000 орчим иргэн өмнө нь хэзээ ч ийм техник хэрэглэж байгаагүй юм.
Тиймээс тус улсын хувьд банкны технологийн том дэвшил нэвтэрч байгаа нь энэ ажээ.
Нээлтийн арга хэмжээнд ерөнхий сайд Фелети Тео, парламентын гишүүд, орон нутгийн удирдлагууд, овог аймгийн тэргүүнүүд, дипломат байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Үүнээс өмнө Тувалуд зөвхөн бэлэн мөнгө хэрэглэдэг байжээ.
Цалин буух өдөр банкны байранд хүмүүсийн урт дараалал үүсдэг байв.
“Өнөөдөр манай банкны систем шинэ эринд шилжиж буй түүхэн үйл явдал тохиож байна” гэж ерөнхий сайд Тео нээлтийн үеэр хэлжээ.
2021 онд эхэлсэн төслийн хүрээнд ATM машинууд, дагалдах POS системтэй болоход нийтдээ гурван сая австрали долларын зардал гаргасныг Тувалугийн үндэсний банкны ерөнхий менежэр Сиосе Пенитала Тео мэдээлсэн байна.
“Ийм машинтай болох хямдхан байгаагүй. Засгийн газрын дэмжлэг, тууштай хичээл зүтгэлийн ачаар өнөөдөр бид энэ үйлчилгээг ард түмэндээ хүргэж байна” гэж тэр ярьжээ.
Нийтдээ таван ATM машин, 30 POS терминалыг Фунафути даяар ашиглалтад оруулсан байна.
Одоогоор машинууд дээр зөвхөн урьдчилсан төлбөрт карт ашиглах боломжтой ажээ.
ATM системийг Фижи улсын Pacific Technologies Limited компани нийлүүлж, суурилуулж өгсөн байна.
Яваандаа Тувалу улс өөрийн дебит карт, цаашдаа гадаад эрхтэй Visa картууд гаргахаар төлөвлөжээ.
Тувалу улсад хэд хэдэн данстай 6,000 орчим банкны хэрэглэгч байдаг юм байна.
Эрх баригчид хүмүүсийг хэрэглэж хэвших хүртэл гүйлгээнээс ямар нэг хураамж шимтгэл авахгүй байхаар шийдсэн гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!