Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид мэдээлэл хийж, гал сөнөөгчдийн өмсөж буй хувцас, хамгаалах хэрэгсэл, зэргийг танилцууллаа.
Гал унтраах үйл ажиллагаанд 120 гаруй нэр төрлийн техник хэрэгсэл ашигладаг байна. Доорх зурагт харуулсан хувцас нь объектын гал түймэр унтраах зориулалттай евро стандартын дагуу хийгдсэн хувцас юм байна.
Үүнээс гадна төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Франц, Польш, Австрали улсаас ирсэн хувцаснууд байдаг аж. ОБЕГ-ын хувцас 2015 оноос хойш евро стандарт руу шилжсэн ба 2019 онд өмсөж байгаа хувцаснуудыг тухай бүрээр нь салгаж стандартчилсан байдаг байна. Тус стандартын дагуу хоёр жилд нэг удаа эсвэл дуудлагад явсан тоогоор буюу 500 удаагийн дуудлагад өмссөн бол дараагийн хангалтыг нь өгдөг байна. Гал түймэр унтраах явцад урагдаж, түлэгдсэн бол нөхөн хангалтыг нь хийгээд явдаг аж.
Хувцас дээрх төхөөрөмж нь 2022 онд нийлүүлэгдсэн ба утаатай орчинд тухайн гал сөнөөгч 10-15 секундээс дээш хугацаанд хөдөлгөөнгүй байхад шууд ойр орчимдоо дуут дохио өгч, GPS-р танигддаг байна.
Харин шинэ утаат багийг 2024 оноос хойш ашиглаж эхэлж байгаа ба дотроо станцтай учир гал сөнөөгчид бие биетэйгээ холбогдох боломжтой аж.
Өмнө нь огт холбоо байгаагүй гэсэн үг биш. Салааны буюу бүлгийн зохион байгуулалтаар явдаг учир холбоочин гал сөнөөгч байдаг байсан. Гал сөнөөгч дур мэдэн бүлгээсээ салж явахгүй гэдгийг ОБЕГ-аас онцлов. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гал сөнөөгч болгон тусдаа хувцас, хамгаалах иж бүрдэл болон амьсгалын бие даасан төхөөрөмжтэй байх боломжтой болсон ба өмнө нь бол хангалтгүй байдаг байсан гэв.
120 гаруй төрлийн багаж зэвсэг, хамгаалах хэрэгсэл зэргийг стандартаараа хугацаа нь дууссан уу, элэгдэлд орсон уу, нөхөн олгох шаардлагатай юу гэх нөхцөл байдлын дагуу тухай жилийн худалдан авалтуудаа хийдэг байна.
"Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэнд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд олгох тэтгэмжийг ОБЕГ бүрэн олгосон. Дүнжингаравын осолтой холбоотой байр орон сууцыг ОБЕГ-аас биш Нийслэлийн засаг даргын тамгын газраас олгосон байдаг гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!