Уншиж байна ...

Дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг энэ сард эхлүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
8 цаг 36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажлыг энэ сард эхлүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд хамрагдах газар, талбайг чөлөөлсөн байна.

Эхний ээлжид тус төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг Франц улсаас хүлээж авчээ.

Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг дөрөвдүгээр сард хүлээн авах бол дүүжин замын кабинуудыг мөн сард үйлдвэрлэж эхлэх юм байна.

Яармаг, Арцат дахь нэг га талбайд 98 кабины гарааш, засвар үйлчилгээний цех болон авто зогсоол байгуулж, дүүжин замын тээвэр 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна.

Оргил цагийн үед 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөжээ.

  • Шугам II: Яармаг, Арцат-Өнөр хороолол
  • Трассын урт: 4.2 км
  • Буудал: 2
  • Тээвэрлэх хурд: 22 км/цаг
  • Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
  • Хүчин чадал: 2,320 зорчигч
  • Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
  • Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг

Европын Холбооны Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага бүхий 15 багц стандартыг MNS болгон батлуулжээ.  

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсны дараа бүрэн хүчин чадлаар ажиллах үеийн технологийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийг гурван сарын хугацаанд хийнэ. Энэ үед хүн, зорчигч огт тээвэрлэхгүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үеийн туршилтыг тухайн кабины багтаамжаас шалтгаалж түүнтэй дүйхүйц жинтэй ус, шуудайтай элс зэргээр орлуулан турших аж.

"2025 оны арванхоёрдугаар сард дүүжин тээвэр иргэдэд үйлчилнэ" гэж төслийг хэрэгжүүлэгч Франц улсын "Пома" компанийн төслийн менежер Чарли Коддериц мэдээлж байсан юм.