Уншиж байна ...

Умард Солонгосын албан хаагчид анх удаа Ким Жон Уны хөрөгтэй энгэрийн тэмдэг зүүх болжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын төрийн албан хаагчид анх удаа Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг зүүх болсныг тус улсын төв хэвлэлийн тараасан зураг, дүрснүүд баталжээ.

Саяхан болж өнгөрсөн эрх баригч Хөдөлмөрчдийн Намын төв хорооны 10 дугаар бүгд хуралд оролцсон албан хаагчид бүгд ийм тэмдэгтэй байсныг Солонгосын Төв Мэдээний Агентлаг болон Родон Шинмун сонин харуулсан байна.

Ийм энгэрийн тэмдгийг Умард Солонгосын энгийн иргэдээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл бүх хүн байнга зүүх үүрэгтэй байдаг.

Үүнээс өмнө тус улсын иргэд Ким Жон Уны эцэг, өвөг эцгийн хөрөгтэй энгэрийн тэмдэг зүүдэг байжээ.

Тухайлбал Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Суны тэмдэг 1970 оны арваннэгдүгээр сард анх үйлдвэрлэгдэн тараагдаж байсан юм.

Түүний хүү Ким Жон Илийн хөрөгтэй тэмдэг 1992 оны хоёрдугаар сарын 16-нд, 50 насны ойг нь тохиолдуулан үйлдвэрлэгдэж байжээ.

Гэхдээ Ким Жон Ил өөрийн тэмдгийг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудад зүүлгэдэг байсан байна. Харин 2000-аад оноос эхлэн нийт иргэдэд тараагдаж байжээ.

Түүнийг нас барсны дараа Ким Ил Сун, Ким Жон Ил нарын хөргийг хамтад нь дүрсэлсэн энгэрийн тэмдэг тараагдсан байна.

Харин одоо Ким Жон Ун зөвхөн өөрийн хөрөг бүхий шинэ тэмдэг үйлдвэрлүүлж байгаа нь энэ юм.

“Энэ бол өөрийгөө шүтүүлэх үйлдлийн дээд илрэл юм. Энэ нь Ким Жон Уны статус өвөг дээдсийнхээ түвшинд хүрснийг албан ёсоор харуулж байна. Ийм энгэрийн тэмдэг зүүлгэж эхлэх нь тухайн удирдагчийн байр суурь бэхэжсэнийг баталдаг” гэж Умард Солонгос Судлалын Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ян Мү Жин тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Korea Times