Уншиж байна ...

Путин тангараг өргөснийхөө дараа ерөнхий сайдын орлогч Абрамченког огцруулах гэж байгаа талаар мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт тангараг өргөснийхөө дараа ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченког албан тушаалаас нь өөрчлөхөөр шийдээд байгаа тухай өчигдөр Ведомости сонин Кремлийн нэрээ нууцалсан эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

48 настай Абрамченко нь 2020 оноос хойш ерөнхий сайд Михаил Мишустины танхимд байгаль орчин, байгалийн нөөц, агро аж үйлдвэрийн төслүүдийг хариуцан ажиллаж байгаа юм.

Ташрамд дурдахад тэр бас Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар ажилладаг.

Гуравдугаар сард тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Путин тангараг өргөснийхөө маргааш буюу тавдугаар сарын 8-ны өдөр шинэ ерөнхий сайдын нэрийг зарлах төлөвтэй байна.

Үүний дараа шинэ ерөнхий сайд танхимынхаа бүрэлдэхүүний саналыг батлуулахаар ерөнхийлөгчид танилцуулах юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Абрамченког одоогийн албан тушаалаас нь чөлөөлөх асуудал 2023 оноос эхлэн яригдсан ч дараагийн томилох албан тушаал нь тодорхойгүй байсны улмаас шийдвэр өнөөдрийг хүртэл хойшилсон гэнэ.

Түүнийг санхүүгийн хяналтын байгууллага болох Аудитын Газрын даргаар томилогдох боломжтойг эх сурвалж бас мэдээлжээ.

Энэ байгууллагын өмнөх дарга Алексей Кудрин 2022 онд технологийн томоохон компани Yandex-ийн зөвлөхөөр  томилогдсоноос хойш уг албан тушаал эзгүй байгаа юм байна.

Бас нэг хувилбар нь Абрамченко одоогийн албан тушаалдаа хэвээр үлдэх ч хариуцах ажлын цар хүрээ нь хумигдаж болзошгүй гэнэ.

“Абрамченко өөр статустайгаар ерөнхийлөгчийн хүрээлэлд үргэлжлэн ажиллах боломжтой харагдаж байгаа” гэж эх сурвалж хэлснийг Ведомости сонины мэдээнд эш татжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times