Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нью-Йорк хотын нэг сургууль $1 тэрбумын хандив авсныхаа дараа сургалтын төлбөрөө тэглэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Профессор Рутт Готтесмэн

Уолл Стритийн томоохон хөрөнгө оруулагч агсны 93 настай бэлэвсэн эхнэр саяхан Нью-Йорк хотын анагаах ухааны нэг коллежид $1 тэрбумыг хандивлажээ.

Альберт Эйнштэйний нэрэмжит анагаах ухааны коллежид ийм их хандив өгсөн хүн нь тус сургуулийн профессор асан Рут Готтесмэн юм байна.

Уг хандив нь АНУ-ын нийт сургуулиудад өгч байсан хамгийн том хандивуудын нэг, тэр дундаа анагаах ухааны чиглэлийн сургуульд өгсөн хамгийн том хандивт тооцогдож байгаа юм.

Хандив авсан коллеж нь Нью-Йоркийн хамгийн ядуу дүүрэг болох Бронксд байрладаг.

Тиймээс коллежийн захиргаа цаашдаа шаардлага хангасан оюутнуудыг төлбөргүй сургахаар шийдвэрлэжээ.

Эрс өөрчлөлт авчирсан хандив нь “зөвхөн төлбөрийн чадвартай хүмүүсийг биш, эрхэм зорилгодоо үнэнч оюутнуудыг татах боломж олголоо” гэж коллежийн захирал, доктор Ярон Йомер мэдэгдсэн байна.

Энэ коллежийн сургалтын жилийн төлбөр $59,000 орчим байдаг гэнэ.

Тэгвэл коллежийн захиргаа оюутнуудынхаа 2024 оны хаврын семестрийн төлбөрийг нь буцаан олгож, ирэх хичээлийн жилээс эхлэн бүх оюутнууд төлбөргүй суралцах болсныг зарлажээ.

Их хэмжээний хандив өгсөн хатагтайн нөхөр Дэвид Готтесмэн нь тэрбумтан Уоррен Баффетын Berkshire Hathaway компанийг анх байгуулагдахад хөрөнгө оруулж байсан хүмүүсийн нэг юм.

Тэрбээр 2022 оны есдүгээр сард 96 насандаа таалал төгсжээ.

“Энэ хөрөнгийг миний мэдэлд үлдээсэн талийгаач нөхөр Сэндидээ би маш их талархаж байна. Зөв үйл хэрэгт хандивлах завшаан олдсонд би баяртай байна. Тэр маань үүнийг хараад инээмсэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж хатагтай Готтесмэн ярьж байна.

Түүний нөхөр нас барахаасаа өмнө Berkshire Hathaway компанид эзэмшдэг бүх хувьцаагаа эхнэртээ шилжүүлж, “өөрийн зөв гэж бодсон зүйлд” зарцуулахыг гэрээсэлж байжээ.

 

Эх сурвалж: BBC