Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд дэлхий даяар аллага, хүн амины хэрэг түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2021 онд дэлхий даяар аллага, хүн амины хэрэг түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн тухай НҮБ-ын Баасан гарагт нийтлүүлсэн тайланд өгүүлжээ.

НҮБ-ын Хар тамхи, Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын “Global Study on Homicide” тайланд дурдсанаар 2021 онд нийтдээ 458,000 орчим хүн санаатай аллагын хохирогч болсон байна.

Тус байгууллага ийм тайланг 2000 оноос хойш гаргаж байгаа бөгөөд жил бүр 400,000-450,000 орчим аллага бүртгэгддэг байжээ.

Өсөлтийн шалтгааныг цар тахлын үеийн хөл хориотой холбоотой хүмүүсийн дунд бий болсон стресс, эдийн засгийн дарамт гэж тайлбарласан байна.

“2021 онд хүн амины хэрэг, аллага мэдэгдэхүйц нэмэгдсэн нь Ковидын үеийн хязгаарлалтын эдийн засгийн үр дагавартай холбоотой байж болзошгүй” гэж дээрх тайланд өгүүлжээ.

Цар тахал эхэлсэн 2020 онд дэлхийн ихэнх улс оронд хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд энэ үеэр хүн амины хэрэг огцом буурсан байна.

Гэхдээ энэ бууралт түр зуурын үзэгдэл байж, 2021 онд хориг цуцлагдсаны дараа эрчимтэй нэмэгджээ.

Бүс нутгаар нь авч үзвэл Умард, Өмнөд Америк тивийн орнуудад хамгийн их аллага бүртгэгдсэн байна. Хамгийн бага аллага гарсан бүс нутаг Европ байжээ. Америк тивүүдэд гарсан аллагын тоо Европынхоос даруй зургаа дахин өндөр байсан байна.

2021 онд хамгийн олон аллага бүртгэгдсэн 10 улсын 8 нь Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт байжээ.

Тэдгээрийг Хондурас, Ямайк, Тринидад ба Тобаго, Мексик улсууд тэргүүлсэн байна.

Топ 10-ын Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт багтаагүй хоёр улс нь Мьянмар, Өмнөд Африк байжээ.

Мьянмар улсад 2021 оны хоёрдугаар сард цэргийнхэн төрийн эргэлт хийж, энгийн номхон иргэдийн эсрэг өргөн хүрээнд хядлага зохион байгуулж байв.

НҮБ дээрх тайланг дөрвөөс таван жил тутамд гаргадаг юм. Өчигдөр нийтлэгдсэн тайлан 2021 он хүртэлх хугацааг хамарчээ.

 

Эх сурвалж: Reuters