Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотуур хувцас солих үед бэлгийн замын халдварт өвчин дамжих эрсдэлтэй гэх буруу ойлголт сурагчдын дунд байсан"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудалд өчигдөр боллоо. 

Энэ үеэр "Өвөрхангай аймгийн политехникийн коллеж, Ерөнхий Боловсролын Сургууль(ЕБС)-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын түвшнийг тодорхойлох нь" судалгааны үр дүнг тус аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМ-ийн магистр Б.Оюунчимэг танилцуулсан юм.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний мэдлэг, хандлагыг тодорхойлох энэхүү судалгаанд нийт 3,357 оюутан, сурагчийг хамруулж, анкетын үр дүнгээр тооцоолсон гэдгийг тэрбээр хэлэв. 

БЗДХ-ын талаарх зарим тоон мэдээлэл: 

Энэ талаар "Дэлхий дахинд бэлгийн замаар дамжих халдвараар өдөр бүр 1,000,000 хүн өвчилдөг талаарх тоон мэдээ бий. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 2,972 тохиолдол бүртгэгдсэн буюу өмнөх оноос 12.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

Тэгвэл Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 218 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноос 36.2 хувиар өссөн үзүүлэлт. Эдгээрийн 47 тохиолдол буюу нийт бэлгийн замаар дамжих халдварт өвчний 21.5 хувийг өсвөр насныхан эзэлж байгаа учраас судалгааг хийх гол үндэслэл болсон" гэдгийг НЭМ-ийн магистр Б.Оюунчимэг ярилаа. 

Бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийг улс болон аймаг орон нутгийн хэмжээнд авч үзвэл:

  • Улсын хэмжээнд тэмбүү өвчин 43.4 хувийг эзэлж байгаа бол аймгийн хэмжээнд 61 хувь
  • Заг хүйтэн 34 хувьтай байгаа бол аймгийн хэмжээнд 37.6 хувь
  • Трихомониаз 22.5 хувь байгаа бол аймгийн хэмжээнд 1.4 хувийг тус тус эзэлжээ. 

ЕБС-ийн 9-12 дугаар ангийнхныг судалгаанд хамруулсан зорилт: 

  • Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг үнэлэх
  • Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хандлагыг үнэлэх
  • Цаашид нотолгоонд суурилсан арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ хэмээн гурван зорилтыг дэвшүүлсэн.

Бэлгийн замын халдварт өвчний талаар сурагчдын мэдлэгийг үнэлэх судалгааны үр дүнг тэрбээр танилцуулсан юм. 



Судалгаанд хамрагдсан сурагчдын 56.7 хувь нь 16-17 насныхан бөгөөд 30.2 хувь нь есдүгээр ангийн сурагчид байлаа.

Судалгаанд оролцогчдын 1.2 хувь нь бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг маш сайн байгаа бол 34.5 хувь нь хангалтгүй мэдлэгтэй гэсэн үр дүн гарлаа. Үлдсэн 

  • 9 хувь нь сайн
  • 25.4 хувь нь дунд
  • 30 хувь нь муу гэсэн үр дүнтэй байсан. 

Бэлгийн замын өвчин халдварлах замуудыг анги, хүйсээр нь харьцуулсан байдлыг авч үзвэл:

  • Бэлгийн хавьтлаар 87 хувь
  • Зүү тариур 38 хувь
  • Цус сэлбэхэд гэж 42.1 хувь нь хариулсан бол 44 хувь нь дотуур хувцас солих үед бэлгийн замын халдвар дамжих эрсдэлтэй гэсэн буруу ойлголт сурагчдын дунд байсан. 

Бэлгийн замын өвчний халдварлах замуудын мэдлэгийг анги, хүйсээр харьцуулан үзэхэд:

Хүүхдүүдийн 73.9 хувь нь бэлгийн замаар дамжих халдвартай хүнд шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой буюу нууц үе байдаг тухай мэддэггүй. Энэ нь халдвар авсан шинж тэмдэггүй хүнээс халдвар авах эрсдэлтэйг харуулж байна.

Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг хүйс болон ангиар нь харьцуулан үзэхэд:

Бэлгэвч хэрэглэх, халдваргүй зөвхөн нэг хавьтагчтай байх талаар мэдлэг хангалттай байлаа.

Гэвч гаднаасаа харахад эрүүл хүн бэлгийн замаар дамжих халдварын эрсдэлтэй байж болох уу? гэх асуултын хариултад "ҮГҮЙ" эсвэл "МЭДЭХГҮЙ" гэж 48.8 хувь нь хариулсан. Энэ нь бусдаас халдвар авах эрсдэлтэйг харуулж байна.

Судалгаанд оролцогчдын 54.3 хувь нь бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага төлөвшсөн. Үлдсэн хувь нь төлөвшилгүй байна.

Өмнөговь аймгийн Арвайхээр сумын сургуулиудын сурагчдын хувьд хандлага төлөвшсөн байгаа бол Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан зэрэг сумын сурагчдад хандлага төлөвшөөгүй хувь өндөр байлаа.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь эдгэрэх боломжтой учраас аюултай биш гэж эрэгтэй сурагчдын 35.9 хувь, эмэгтэй сурагчдын 44.5 хувь нь хариулсан.

Бэлгэвчний хэрэглээг анги, хүйсээр харьцуулахад: 

"Та найз охин, хөвгүүнтэйгээ бэлгийн харьцаанд орох нөхцөл бүрдсэн үед бэлгэвч хэрэглэх саналаас тань татгалзвал яах вэ?" гэх асуултад эмэгтэй сурагчдын 68.9 хувь нь "ГОМДООХГҮЙН ТУЛД ХЭРЭГЛЭХГҮЙ" гэж хэлсэн нь эрсдэлд өртөж болзошгүйг илтгэж байна.

Үргэлжлүүлэн "Өвөрхангай аймгийн хэмжээнд эрүүл мэндийн хичээл ордог 61 багш байна. Эдгээрээс 26.2 хувь нь мэргэжлийн эрүүл мэндийн багш нар байлаа. Харин 73.8 хувьд бусад чиглэлийн багш нар эрүүл мэндийн хичээлийг заадаг. 

Судалгаанд оролцогчдын 10.2 хувь нь бэлгийн замаар дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг маш сайн байсан бол 24.5 хувь нь дунд, 64 хувь нь муу буюу хангалтгүй мэдлэгтэй байлаа. 

Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хандлага төлөвшсөн боловч мэдлэгийн түвшин муу, хангалтгүй. Цаашид энэ төрлийн өвчний талаарх мэдлэгийг системтэй хангалттай хүргэж чадвал сурагчдын мэдлэгийн түвшнийг нэмэгдүүлэх боломжтой" хэмээв.