Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улсаас түүхэнд анх удаа шатрын их мастер эгч дүүс төрөн гарлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Энэтхэгийн тамирчин 22 настай Вайшали Рамешбабу дэлхийн шатрын түүхэнд гурав дахь эмэгтэй их мастер болсон юм.

Гэхдээ энэ нь түүний гэр бүлийн хувьд анхны их мастерын цол биш байлаа. Вайшалигийн эрэгтэй дүү Праггнанандха Рамешбабу 2018 онд 12 настайдаа дэлхийн шатрын түүхэнд төрсөн хамгийн залуу их мастер болж байжээ.

Одоо тэд шатрын их мастер цол хүртсэн анхны эгч дүүс болж байна.

Испанид болсон нээлттэй шатрын тэмцээнд цолын болзол хангасныхаа дараа Вайшали “Би шатар тоглож эхэлсэн цагаасаа хойш их мастер болохыг мөрөөдсөн. Энэ мөрөөдөлдөө ойртох тусам би үнэхээр их баярлаж, бас айж байлаа. Эцэст нь мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байна” гэж хэвлэлд ярьжээ.

Шатрын их мастер болох тийм амар биш.

Ийм цолтой болохын тулд тодорхой зэрэглэлийн гурван тэмцээнд түрүүлж, Олон Улсын Шатрын Холбооноос (FIDE) 2,500 үнэлгээ авсан байх ёстой.

Өмнө нь гурван тэмцээнд түрүүлээд байсан Вайшали өнгөрсөн долоо хоногт болсон тэмцээний хоёрдугаар шатандаа 2,500 үнэлгээнд хүрсэн юм.

Дэлхийн шилдэг шатарчдын нэгд тооцогддог дүү нь эгчийгээ хэзээ нэг цагт их мастер болно гэдэгт бүрэн итгэлтэй байснаа ярьжээ.

“Би эгчийгээ их мастерын түвшинд хүрснийг нэлээд эрт мэдэрсэн. Эгч маань авах ёстой цолоо авсанд би маш их баярлаж байна” гэж тэр ярьсан юм.

 

Эх сурвалж: CNN