Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн байна. Энэ өдөр шар металлын үнэ 3 хувиар өсөж, унц нь $2,135 хүрсэн юм.

Дараа нь буцаж буураад $2,030 орчимд хэлбэлзэж байна.

2020 оны наймдугаар сард алтны ханш $2,072 хүрсэн нь өмнөх түүхэн дээд хэмжээ байсан юм.

Алтны эрэлт ингэж өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал Холбооны Нөөцийн Банк инфляцыг амжилттай бууруулж чадсан тул ирэх оноос эхлэн бодлогын хүүгээ танаж эхэлнэ гэсэн хүлээлт үүнд нөлөөлжээ.

Энэ оны турш бодлогын хүүг өндөр байлгасны үр дүнд АНУ-ын засгийн газрын бондын өгөөж нэмэгдэж, хөрөнгө оруулагчдыг татаж байлаа.

Харин бодлогын хүү буурвал энэ эрэлт суларч, зөрөөд алтны эрэлт өсөх юм.

Бас нэг хүчин зүйл нь Америк долларын ханшийн сулрал болж байна. Өнгөрсөн сард ам.долларын ханш бусад гол зургаан валюттай харьцуулахад 3 хувиар унасан юм.

Өөр нэг хүчин зүйл нь дэлхий дахины геополитикийн эрсдэл болж байна.

JPMorgan банкны гүйцэтгэх захирал Жэми Даймон сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй аюул, эрсдэлтэй цаг үеийг дэлхий нийтээрээ туулж буйг саяхан хэлсэн юм.

Үүнд Украины дайн, Газын зурвас дахь мөргөлдөөн, АНУ-Хятадын худалдааны сөргөлдөөн, Тайванийн нөхцөл байдал зэрэг асуудлууд багтаж байна.

Геополитикийн тодорхойгүй бус байдал хөгжиж буй орнуудыг алтны нөөцөө нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа.

World Gold Council байгууллагын мэдээлснээр 2010-аас 2021 оны хооронд хөгжиж буй орнууд жил бүр дунджаар 473 тонн алт худалдан авч байжээ.

Харин өнгөрсөн онд энэ хэмжээ 1,100 тонн болон нэмэгдэж, энэ оны эхний гурван улирлын байдлаар 800 тонн хүрээд байна.

Энэ хандлага ойрын хэдэн жилдээ үргэлжлэх төлөвтэйг шинжээчид хэлж байгаа.

World Gold Council байгууллагын зах зээлийн стратегич Жон Рид “ирэх онд Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ хэд хэдэн удаа дараалан буулгана гэж хөрөнгө оруулагчид төсөөлж байна. Хэрвээ ингэвэл алтны ханш өчигдрийн дээд амжилтаа эвдэх магадлалтай” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: CNN