Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн Болонья хот хазгай цамхгаа нурахаас хамгаалахад 4.3 сая евро зарцуулахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Италийн Болонья хотын бэлгэдэл болсон хос цамхгийн нэг нь нурах аюултай болоод удаж байгаа.

Хос цамхгийн өндөр нь болох Асинелли 97 метр, намхан нь болох Гарисенда 48 метр өндөр хэмжээтэй бөгөөд тэдгээрийг 1109-1119 оны хооронд босгож байжээ.

Цамхгуудын аль аль нь хазгай баригдсан ба намхан цамхаг нь илүү хазайлттай юм.

Тэгвэл Баасан гарагт Болонья хотын захиргаа хазайсан бага цамхгийг аврахад 4.3 сая евро зарцуулах болсныг зарлажээ.

Уг ажлыг ирэх оны нэг, хоёрдугаар саруудад гүйцэтгэхээр болсон байна.

Цамхаг баригдсан цагаасаа хойш нурах эрсдэлтэй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд эрсдэл нь улам нэмэгдэж буйг хотын захирагч Маттео Лепорте өнгөрсөн сард хотын иргэдийн хурлын чуулганд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдээлж байжээ.

“Бид олон зууныг дамжсан айдас түгшүүрийг өвлөж авсан хүмүүс” гэж тэр тухайн үед хэлээд цамхгуудыг Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлтээ Италийн засгийн газарт уламжилсныг дуулгаж байв.

Хазайсан цамхгийн тулгуурыг хүчитгэх ажил 1990-ээд оноос хойш үргэлжилсэн ч дорвитой хүч хөрөнгө зарцуулж байгаагүй юм байна.

Дундад зуунд Болонья чулуун цамхгаар дүүрэн хот байсан гэдэг. Ямар зорилгоор ийм байгууламжууд босгосон нь тодорхойгүй. Зарим судлаачид эдгээрийг хотын баян гэр бүлүүд өөрсдийгөө хамгаалах зорилгоор босгосон гэдэг. Цамхгуудыг орон сууц, шорон, дэлгүүр хоршоо гээд янз бүрийн зориулалтаар ашигладаг байсан байна.

13 дугаар зуунд тэдгээрийн ихэнхийг нурааж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press