Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Голч дүн нь өндөр байдаг оюутнууд эрүүл мэндээ золиосолдог

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгэл судлаач мэргэжлээр сурч байгаа оюутнууд “Нойр ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр хийсэн судалгааны ажлаа өнөөдөр хэлэлцүүлэв.

Энэ үеэр “Нойрны чанар суралцах бүтээмжид нөлөөлөх нь” сэдэвт судалгааны үр дүнг МУИС-ийн оюутан Б.Батцэцэг, Г.Оюунтунгалаг нар танилцуулсан юм. Уг судалгааны ажлын удирдагчаар тус сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, дэд профессор П.Одгэрэл ажилласан байна. 

МУИС-ийн бакалаврын түвшний 100 оюутны дунд дээрх судалгааг явуулжээ. 

Оюутан Б.Батцэцэг "Нойр бол мэдрэлийн эсүүд цусан хангамж авч, дараагийн ажиллах эрч хүчээ хуримтлуулж байдаг хүний амьдралын амин чухал хэрэгцээ юм. Хангалттай хэмжээнд нойроо авч чадахгүй байснаар ажлын бүтээмж буурдаг гэдгийг олон судалгаа харуулдаг. 

Бидний хувьд оюутнуудын нойрны хямрал нь суралцах бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг судлахыг зорьсон. Ихэнх бакалаврын түвшний оюутнууд 17-18 насныхан байдаг. 

Эцэг, эхчүүдийнх нь зүгээс тэднийг насанд хүрсэн гэж үзээд амьдралын хэмнэлд нь шууд оролцож, "тогтсон цагт унт" гэж зөвлөх нь багасдаг.

Оюутнуудын ихэнх нь өөрийгөө хэт шахаж, шөнөжин хичээллэх хандлагатай байдгийг эргэн тойрныхоо ажиглалтаас бид бүхэн төвөггүй мэддэг.

Иймд нойрны чанар суралцах бүтээмжид нөлөөлөх нь сэдэвт судалгааг энэ оны аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ны хооронд тест, асуулгын аргыг ашиглан онлайн хэлбэрээр явуулсан. Бид 100 оюутны санал асуулгад дүн шинжилгээ хийсэн байна" гэв. 

Бакалаврын түвшний оюутнуудын нойрны чанарыг судлахаас өмнө дараах хэд хэдэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Үүнд: 

  • Нойрны чанар сайтай, бүтэн нойр авдаг оюутнуудын анхаарал төвлөрөх чадвар, суралцах үеийн үр бүтээмж сайн, голч дүн өндөр байдаг.
  • Ихэнхдээ нойр дутуу байдаг оюутнууд өдрийн цагаар ядарч, сульдах мэдрэмж ихтэй, анхаарал төвлөрөх чадвар сул, голч дүн багатай байдаг.
  • Оюутнууд ажлын өдрүүдэд бага цагийн нойр авч, амралтын өдрүүдээр хэтрүүлэн унтах хандлагатай байдаг.
  • Унтахынхаа өмнө утас, электрон төхөөрөмжөө оролдох нь нойрны чанарт нөлөөлж, өдөр нь ядрах мэдрэмж төрөхөд хүргэдэг.

Үргэлжлүүлэн "Судалгаанд оролцогчдын (100 оюутан) ажлын өдөр болон амралтын өдрүүдэд унтдаг цагийн хэмжээг судлахыг зорилоо. Оюутнууд ажлын өдрүүдэд 5-6 цаг, 7-8 цаг унтах хандлагатай байдаг. Гэтэл амралтын өдрөөр ихэнх нь наймаас дээш цаг хэтрүүлэн унтдаг нойрны буруу хэмнэлтэй байна.

Сургалтын үйл ажиллагааны үеэр анхаарал төвлөрлөө дунд гэж үнэлсэн оюутнууд өөрсдийн бүтээмжээ ч мөн адил дунд гэж үнэлсэн.

Таны нойрны чанар суралцах бүтээмжид нөлөөлдөг гэж бодож байна уу? гэх асуултад оюутнуудын 90-өөс дээш хувь санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс харахад нойр хэчнээн чухал болохыг оюутнууд тодорхой хэмжээнд мэддэг, ойлгодог юм байна" гэлээ. 

Оюутан Г.Оюунтунгалаг "Унтахынхаа өмнө утас, таблет, электрон төхөөрөмжийг ямар давтамжтай ашигладгийг судалсан. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь унтахынхаа өмнө утас, таблет зэргийг байнга, тогтмол ашигладаг гэсэн үр дүн гарлаа. Энэ нь оюутнууд оройтож унтах шалтгаан болж байна.

Электрон төхөөрөмжөөс ялгардаг цэнхэр гэрэл нь мелатонин дааврын ялгарлыг бууруулж байдаг гэдгийг баталлаа. Мөн электрон төхөөрөмжийг оролдсоноор нойр хулжих, суралцах бүтээмжид нөлөө үзүүлдэг гэдэг таамаглал батлагдаж буй.

Түүнчлэн оюутнуудад тогтмол унтах цагийн хуваарь байдаггүй. Тогтмол унтах хуваарьтай юу? гэж асуухад 61 хувь нь "Үгүй, ховор" гэж хариулсан.

Анхаарал төвлөрөх чадвар болон суралцах бүтээмжтэй нь уялдуулан голч дүнг судалсан. Тодруулбал 3.1-ээс дээш голчтой оюутан дийлэнх хувийг бүрдүүлж байгаа. Тэр дундаа 3.5-аас дээш голчтой оюутнууд тал хувийг бүрдүүлж буй.

Голч дүн нь өндөр байгаа 50 оюутны анхаарал төвлөрөх чадвар болон нойрны чанарын хамаарлыг нь авч үзлээ. Нойроо бүгд хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Нойрны чанар муу, голч дүн нь өндөр байгаа оюутнууд нэлээд ажиглагдсан.

Тэдгээр 50 оюутнаас "Хичээлийн холбогдолтойгоор шөнөжин суух тохиолдол байдаг уу?" гэж асуухад 70 орчим хувь нь "ТИЙМ" гэж хариулсан. Үүнээс дүгнэвэл голч дүн нь өндөр байдаг оюутнууд хангалттай нойр авч чаддаггүй. Сайн дүн авахын тулд шөнөжин хичээлээ хийж, эрүүл мэндээ золиослох шаардлага гардаг хэмээх үр дүн гарч байгаа" гэв. 

Судалгааны дүгнэлт:

  • Лекц эсвэл сургалт, семинарын үеэр анхаарлаа төвлөрүүлэх чадвар, суралцах бүтээмж нь нойрны чанараас хамаараад өөрчлөгдөж байдаг. Дутуу нойртой хүн сурах үйл явцдаа илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог.
  • Оюутнууд нойр хэчнээн чухал болохыг мэддэг боловч бодит амьдралдаа анхаарч, хэрэгжүүлдэггүй.