ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол “2024 оны эдийн засгийн төлөв” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав

ikon.mn
2023 оны 10 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2023 оны 10-р сарын 24-ний өдөр “Монгол улсын эдийн засгийн 2024 оны төлөв” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

10-р сарын хэлэлцүүлэгт Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосян, Эрнст энд Янг Монголиа Аудит ХХК-ийн Ахлах Менежер Б. Мөнхжин, Эдийн засагч Ч. Хашчулуун нар панелистаар оролцож, АмЧам Монголын ТУЗ-ийн гишүүн, МИК-ын Гүйцэтгэх Захирал Б. Гантулга уулзалтыг удирдан явуулав.  Хэлэлцүүлгээр Монгол Улсын эдийн засгийн 2023 оны гүйцэтгэл, саад бэрхшээлүүдийг онцолж, ирэх жилд буюу 2024 оны эдийн засгийн урьдчилсан төлөвийн талаар хэлэлцлээ. ОУВС-ийн суурин төлөөлөгч Тигран Погосян “ирэх жилүүдэд дэлхийн эдийн засагт сорилтууд мэдээж гарна. Хамгийн гол нь бодлогын алдаанаас болж хүндрэл гардаг. Энэ нь дэлхийд ч, Монголд ч хамаатай. Тиймээс улс орнууд бодлогын алдаа гаргахгүй ажиллах нь чухал юм” гэж хэлэв.

Эдийн засагч Ч.Хашчулуун “2024 оны улсын төсвийг их өөдрөг, эдийн засгийн өсөлт, орлого өндөртэй төсөөлж байна. Бодит байдлаас айхтар зөрүүтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эрсдэл өндөртэй төсөв байна. Орлогын тал дээр тийм их хэмжээний экспортыг хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Уул уурхайн салбар, экспортоос орж ирж байгаа мөнгийг оновчтой зарцуулах, хөгжлийн чиглэлд хэрхэн уялдуулах талаар ярилцах хэрэгтэй” хэмээв.

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд АмЧам Монгол нь Монгол улсын эдийн засгийг 2024 онд илүү хөгжүүлэхийн тулд Засгийн газар, УИХ дараах зөвлөмжүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  1. Хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын эко орчныг бүрдүүлэх, тухайлбал, Хөрөнгө оруулалтын хуулийн болон Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгуудын хоорондын уялдааг хангах, татварын цогц шинэчлэлийг хийх, шүүхийн шинэчлэлийг түргэтгэх, буурч буй ГШХО-ыг татах бодлогыг хэрэгжүүлэх;
  2. УИХ 2024 оны төсвийн 2,1 их наядын алдагдлыг зардлаа багасгах замаар бууруулах, тухайлбал валютын өсөж буй нөөцийг сонгуулийн жилийн төсөв, хавтгайрсан халамжийн бодлогод зарцуулахгүй санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлэх;
  3. 2024 онд инфляцыг бууруулах зорилтын хүрээнд Монгол банк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх тул хувийн хэвшлийн компаниудад ирэх онд шаардлагатай санхүүжилтээ хувьцаа шилжүүлж хөрөнгө босгох (Equity financing) замаар шийдвэрлэх боломжийг олгох;
  4. Банкуудад чанаргүй зээлээ багцлан борлуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, байгууллагын хөрөнгө оруулагч (institutional investor)-дыг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх;
  5. Засгийн газрын бодлогын залгамж чанарыг тууштай хадгалж, сонгуулийн өмнөх жилүүдэд байгуулсан томоохон гэрээ хэлцлүүдийг тогтвортой хэрэгжүүлж байх хэрэгтэй байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд АмЧам Монголын шинэ гишүүн “Назо Групп” ХХК, “Шинэ Эрин Медикал” ХХК-ийн төлөөлөгч нарт баяр хүргэж, шинэ гишүүнчлэлийн өргөмжлөл гардуулав.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.