Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцаж байна.
Энэ үеэр Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод байсан Г.Ганболд дараах тайлбаруудыг хийлээ.
Түүнийг уг хуралдаанд оролцуулахаар жилийн өмнө буюу УИХ-ын даргын 2022 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 163-р захирамжаар томилж байжээ.
Яагаад бүтэн жил хуралдаанд оролцоогүй талаараа тэрбээр "Уг асуудлыг 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр хэлэлцэхээр хоёр хоногийн өмнө надад бичиг ирсэн. Тухайн үед би Монгол Улсын төсвийг хэлэлцэх ажлын хэсэгт орсон учир материалтай танилцах хугацаа өгнө үү хэмээн хойшлуулах хүсэлтээ өгсөн.
Түүний дараа бүтэн жилийн хугацаанд надтай ярилцаж хугацаа товлож байсан ч хойшлогдсоор 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр хуралдах болсноо 24-ний өдөр надад мэдэгдсэн. 26-ны өдөр би Швейцарт олон улсын хуралд орохоор томилолт аваад онгоцны тийз бичигдсэн байсан учир хуралдаанд оролцох боломжгүйгээ цэцэд мэдэгдсэн боловч 26-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан байна" гэв.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Үндсэн хуулийн цэц УИХ-д хангалттай хугацаа өгч хурлаа хийлгүй жил болсон байна шүү дээ. Жил болж байхад УИХ-ын төлөөлөгч ямар нэг шалтгаанаар хуралд оролцож чадаагүй бол цэц хурлаа хийж л таараа шүү дээ. Буруутгах арга байхгүй. УИХ ч гэсэн үдээс хойш хурал зарлалаа гээд өчнөөн төрийн албан хаагчдыг ажлаас нь дуудаад ажлаа хийгээд явдаг" гэлээ.