Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд 80 орчим сурагч охидыг хордуулсан хэрэг гарчээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Афганистаны хойд бүсийн хоёр дунд сургуульд сурагч охидыг хордуулсан хэрэг гарсныг Талибын засгийн газар Ням гарагт мэдээлжээ.

Уг халдлагад 80 орчим сурагч өртсөн байна.

2021 оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг Талибчууд авснаас хойш анх удаа ийм төрлийн халдлага гарсан нь энэ юм.

Одоо тус улсад охидыг зургаа дугаар ангиас дээш ангид дэвшин суралцах, их сургуульд элсэхийг хориглодог. Мөн эмэгтэйчүүдэд зарим төрлийн ажил алба хаших, олон нийтийн газарт явахыг нь хүртэл хориглож байгаа.

зураг
 

Хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр охидыг хордуулсан этгээдийг илрүүлснээ Афганистаны боловсролын яам өчигдөр мэдээлжээ.

Бямба, Ням гарагуудад халдлага үйлдэгч этгээд Сар-э-Пул мужийн хоёр дунд сургуульд тус бүр 60, 17 хүүхдийг хордуулсан байна.

Хохирсон охидыг эмнэлэгт эмчилж, бие нь сайжирч байгаа тухай албаныхан мэдээлжээ.

Талибын эрх баригчид халдлага үйлдсэн этгээд хэн болох болон яг ямар аргаар охидыг хордуулсан тухай мэдээллийг дэлгэрүүлээгүй байна.

Афганистаны хөрш Иран улсад өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас хойш дунд сургуулийн сурагч охидыг хордуулсан хэрэг хэд хэдэн удаа гарсан юм. Анги танхимд нь хорт утаа тавьснаас хэдэн мянган хүүхэд хордсон тухай мэдээлж байв. Гэхдээ халдлагыг хэн үйлдсэн, ямар төрлийн химийн бодис ашигласан талаар мэдээллийг Тегераны эрх баригчид өгөөгүй юм.

 

Эх сурвалж: Associated Press