Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ливан улс хүчингийн хэрэгт холбогдсон элчин сайдаа шалгах тусгай багийг Парис хот руу илгээхээр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Парис хот дахь Ливан улсын элчин сайдын яам

Ливан улсаас Франц улсад суугаа элчин сайдын хүчингийн хэрэгтэй холбоотой дуулиан дэгдээд удаагүй байна.

Өчигдөр Ливан улсын гадаад хэргийн яам уг хэргийг шалгах тусгай багийг Парис хот руу илгээх шийдвэр гаргажээ.

Францын тал элчин сайд Рами Адваны халдашгүй дипломат статусыг цуцалж, шалгуулахыг Ливаны талаас шаардсаны дараа ийм арга хэмжээ авсан байна.

Ливаны төлөөлөгчид Францын хуулийнхантай уулзаж, хэвлэлээр цацагдсан дуулианы талаар баримт мэдээлэлтэй танилцах гэнэ.

Дараа нь элчин сайд болон түүний хохирогч гэгдэж буй хоёр эмэгтэйтэй уулзаж, мэдүүлэг авахаар болжээ.

Эхний хохирогч нь 2022 оны зургаадугаар сард анх өөрт тохиолдсон явдлын талаар хуулийн байгууллагад мэдээлсэн юм. Одоо 31 настай энэ эмэгтэй 2020 оны тавдугаар сард элчин сайдын гэрт хүчиндүүлж, тэр үеэс хойш хэсэг хугацаанд албадлагаар дотно харилцаа тогтооход хүрсэн юм байна.

28 настай хоёр дахь эмэгтэй хохирогч бэлгийн дарамтыг нь эсэргүүцсэнийхээ төлөө хэд хэдэн удаа элчин сайдад зодуулж, дарамтлуулж байснаа энэ оны хоёрдугаар сард анх цагдаад мэдүүлж байжээ.

Адваны өмгөөлөгч Карим Бэйлуни элчин сайдыг 2018-2022 оны хооронд хоёр эмэгтэйтэй дотно харилцаатай байсныг хүлээн зөвшөөрсөн ч үүнд ямар нэг хэлбэрийн хүчирхийлэл байгаагүйг саяхан хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP